Энэтхэгт “хар мөөгөнцөр” өвчнөөр халдварласан 9 мянга орчим тохиолдол бүртгэгджээ.
Энэтхэгийн Гужарат, Махараштра мужуудад үхэлд хүргэх аюултай мөөгөнцрийн өвчин болох мукормикозоор халдварласан 2 мянга гаруй тохиолдол тус бүр бүртгэгджээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдэгдсэнээр, Гужаратад тус өвчнөөр халдварласан 2281 тохиолдол бүртгэгдсэн бол Махараштрад 2 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ өвчнөөр халдварласан тохиолдлын тоо 8848-д хүрээд байна гэж Энэтхэгийн химийн аж үйлдвэрийн сайд Садананда Говда “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Гужарат, Махараштра, Андхра-Прадеш, Ражастхан, Карнатака мужууд энэ өвчинд хамгийн их нэрвэгджээ.
Өвчний эмчилгээнд зориулагдсан мөөгөнцрийн эсрэг “амфотерицин B” эмээс 23680 ширхгийг нэмэлтээр олгохдоо муж бүрт өвчний хэдэн тохиолдол бүртгэгдсэн гэдгээс нь хамаарч тэнцүү хуваарилна гэдгийг Садананда Говда онцлов.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар мөөгөнцрийн өвчин мукормикозыг коронавирусээр халдварласны улмаас урт хугацаанд стероид хэрэглэсэн, хүчилтөрөгч залгах эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүд тусаж байгаа аж. Түүнчлэн урт хугацаанд их хэмжээгээр стероид хэрэглэсэн чихрийн шижинтэй хүмүүсээс илрэх тохиолдол их байгаа аж.
Энэтхэгт одоогоор тус улсын нийслэл Нью-Дели, Гужарат, Ражахастан, Телангана, Махараштра, Карнатака, Уттаракханд, Мадхья-Прадеш, Андхра-Прадеш, Бихар мужуудад мукормикозын тохиолдлууд илрээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.