Австралийн эрдэмтэд вакциныг орлох боломжтой эм бүтээжээ.

Австралийн эрдэмтэд вакциныг орлох боломжтой эм бүтээжээ.

 Австралийн эрдэмтэд вакцины оронд хэрэглэх боломжтой коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээнд зориулагдсан хоёр эм шинээр бүтээжээ.

Энэ тухай Брисбен хотод байрладаг Бергхоферийн нэрэмжит анагаахын судалгаа шинжилгээний хүрээлэн мэдээлэв.

“COVID-19” хүнд хэлбэрээр илрэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалттай тус эмүүдийн амьтан дээр хийж буй лабораторийн туршилтыг Францад явуулж байгаа аж. Эхний үр дүнгээс харахад, эмийг хэрэглэхэд аюулгүй, цөөн тооны гаж нөлөө илэрчээ. Үүнээс гадна эмүүдийг онцгой нөхцөлд хадгалах шаардлагагүйг судлаачдын “Nature Cell Discovery” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн тайланд дурдсан байна. 

Энэ хоёр эм нь “COVID-19”-ийг үүсгэдэг “SARS-CoV-2” вируст бус тус вирусийн халдаж буй эсэд нөлөөлдөг гэдгийг судлаачид цохон тэмдэглэв.

“Эхний эм нь коронавирусний эсэд нэвтрэхийн тулд ашигладаг ACE2 уургийг халхалдаг бол хоёр дахь нь дархлааны тогтолцооны коронавирусийг таних, эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг” гэж дээр дурдсан хүрээлэнгийн профессор, ахлах судлаач Судха Рао ярьжээ.

Эмнэлзүйн туршилт амжилттай болбол эхний эмийг урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинтай хавсарч хэрэглэх бол хоёр дахийг нь хэдийнээ халдвар авсан хүнд хэрэглэх аж.

Коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн цусны дээж, эсүүдэд хийсэн лабораторийн туршилтын үеэр эдгээр эм өндөр үр дүн үзүүлсэн хэмээн Судха Рао мөн хэлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.