Муаммар Каддафийн нисэх онгоцыг Ливид авчирчээ.

Муаммар Каддафийн нисэх онгоцыг Ливид авчирчээ.

 2011 онд босогчдын гарт амь үрэгдсэн Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн нисэх онгоцыг 10 жилийн дараа тус улсад авчирчээ.

“Al-Hadath” телевизээр мэдээлснээр, “Airbus A340” онгоц ням гарагт Триполид ажиллаж буй цорын ганц олон улсын нисэх онгоцны буудал болох Митигад газардсан байна. Энэ бүх жилүүдэд уг онгоц Францад байсан бөгөөд Ливид байлдааны ажиллагаа ид өрнөж байх үед босогчдын гарт сүйдэхээс аврахын тулд Франц руу илгээжээ.

Нисэх буудалд газардахаасаа өмнө онгоц Триполи хотын түүхэн дурсгалт газруудын дээгүүр нам өндөрт ниссэн байна. Ливийн удирдагч агсны нисэх онгоцыг тус улсын Ерөнхий сайд Абдель Хамид Дбейба биечлэн угтжээ. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүн тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, "Ливи улс Францаас санхүүгийн болон техникийн шалтгаанаар байлгаж байсан нисэх онгоцоо засвар үйлчилгээ хийж дуусаж, төлөх ёстой бүх төлбөрийг төлсний дараа буцааж авчирлаа" гэсэн байна. "Нэгэн цагт гадаад руу илгээсэн Ливийн 12 онгоцыг бүгдийг нь эх оронд нь буцааж авчрах бөгөөд Засгийн газар байлдааны хоёр сөнөөгч онгоцыг авчрахаар ажиллаж байна” гэж тэрбээр тэмдэглэжээ.  

Тухайн үедээ нисдэг ордон гэж нэрлэдэг байсан Ливийн хамгийн алдартай нисэх онгоцыг буцааж авчирсан нь "улс орон болоод түүний сайн сайхан байдлын хувьд чухал алхам юм" гэж Дбейба онцолсон байна. Түүний хэлснээр, уг онгоцыг цаашид төрийн тэргүүн үргэлжлүүлэн ашиглах, эсвэл Засгийн газрын хэрэгцээнд шилжүүлэх, эсхүл иргэний нисэхийн салбарт өөрчлөн ашиглах эсэхийг Ливийн ард түмэн шийдэх аж.

Нисэх онгоцыг саяхан шинээр байгуулсан Ерөнхийлөгчийн нисэхийн захиргаанд хүлээлгэн өгчээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.