Сайд Б.Жавхлан, С.Амарсайхан нар халдвар авчээ.
Засгийн газрын хоёр ч сайд КОВИД-19 халдвар авсан нь тодорхой боллоо. Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нар батлагдсан байна.
Сангийн сайд Б.Жавхлан халдвар авснаа өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр "Миний бие өнгөрөгч 7 хоногт Ковид-19 шинжилгээгээр эерэг гарч, эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна. Эмч нар маань хэвт гэж шаардсан, гэхдээ өөрөө хүсэлт тавьж, ХӨСҮТ-д хэвтлээ. Эмчлүүлэхийн зэрэгцээ энд нөхцөл байдал ямар байна гэдгийг мэдэрье гэж бодлоо. Миний хувьд одоогийн байдлаар шинж тэмдэг харьцангуй хөнгөн байна. Амт үнэр хэвийн, биеийн халуун хэвийн. Хамрын ханиадархуу зүйл мэдрэгдэж байна. Ямар ч байсан 10 хоногийн эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвлөгөөг дагаж эмчлүүлэхээс гадна төрийн ажил маань цахимаар саадгүй явж байна. Миний хувьд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 2 дахь тунгаа дөрөвдүгээр сарын 20-нд хийлгэсэн бөгөөд практикаас харахад 2 тунд хамрагдсан иргэд харьцангжй хөнгөн тусч, эдгэрч байгааг онцолж байна. Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, тус салбарын НЭН ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТ-ийг шийдвэрлэх, хүнд үеийг хамтдаа даван туулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд манай улс вакцин нийлүүлэлт, худалдан авалтын хувьд огтхон ч тасалдал үүсгээгүй, ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцинуудыг татан авч байгаа болно. Мөн өнөөдрөөс 12-15 насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулж эхэлж байна. Та бүхэн минь хайртай гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөд, хамт олноо цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг ягштал биелүүлж, вакциндаа хамрагдахыг ахин УРИАЛЖ байна" гэлээ.
Мөн тэрбээр "Цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч, голомтод ажиллаж байгаа Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа сэргийлэх, хил, гаалийн шат шатны байгууллагын ажилтан албан хаагч, эрдэмтэн судлаачид та бүхэндээ, мөн цар тахлын эсрэг хамтран ажиллаж байгаа хөгжлийн түнш орнууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье" гээд дараах зөвлөмжийг өглөө.
Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөн, ямарваа шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Та өөрийгөө тусгаарлаж, цаг алдалгүй заавал мэргэжлийн байгууллагад хандаарай!
- ВАКЦИН
- ЭМЧИЛГЭЭ
- НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.