“Toyota" "ухаалаг хот" байгуулах төслөө “NTT” компанитай хамтран хэрэгжүүлнэ
ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүд, хиймэл оюун ухаан болон эрчим хүчийг үр ашигтай ашигладаг нэгдсэн систем бүхий “ухаалаг хот” байгуулах төслөө харилцаа холбооны салбартаа тэргүүлэгч “NTT” компанитай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Тус хоёр компани энэхүү төсөлд 200 тэрбум иен буюу 1.8 тэрбум орчим ам.доллар оруулахаар болсон байна.
Токио хотоос 100 орчим километр зайд оршдог Фүжи уулын бэлд “ухаалаг загвар хот” байгуулах төслийг 2021 оноос эхлүүлнэ гэж “Toyota” компани өнгөрөгч нэгдүгээр сард мэдэгдсэн билээ. Энэхүү хотод зөвхөн жолоочгүй, хорт утаа ялгаруулдаггүй байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслүүд зорчих бөгөөд орон сууцуудыг аль болох тохь тухтай байлгах үүднээс бүх төрлийн роботоор тоноглох аж. Харин хиймэл оюун ухааны систем нь “ухаалаг хот”-ын оршин суугчдын эрүүл мэндийн байдлыг хянах гэнэ.
“Toyota” компани одоогоор энэхүү төслөө хэрэгжүүлэхэд “Panasonic” компанитай хамтран ажиллаж байгаа юм. Харин "NTT" компанийн хувьд “ухаалаг хотыг” байгуулахад харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн технологиудыг санал болгохоор төлөвлөжээ. Тухайлбал, ийм технологиудыг жолоочгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахад ашиглах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.