Аюултай химийн бодис тээвэрлэж явсан хөлөг онгоц живсэн

Аюултай химийн бодис тээвэрлэж явсан хөлөг онгоц живсэн

Аюултай химийн бодис тээвэрлэж явсан хөлөг онгоц шатаж, Шри-Ланкийн эрэг орчимд живсэний дараа  далайн олон зуун үхсэн амьтад эрэг рүү шидэгджээ.

Сингапурт бүртгэлтэй чингэлэг тээвэрлэгч “Express Pearl” хөлөг онгоц Шри-Ланкийн нийслэл Коломбо хотын эргээс холгүй зогсож байхдаа шатжээ. Усан онгоц тавдугаар сарын 20-нд шатаж, зургаадугаар сарын эхээр живсэн байна. 

Гэвч гамшгийн жинхэнэ цар хүрээ одоо л тодорхой болж байна гэж байгаль хамгаалагчид ярьж байна. Коломбо дахь наран шарлагын газраас 176 үхсэн яст мэлхий, 20 далайн гахай, дөрвөн халим, тоо томшгүй олон загас олджээ.

Шри-Ланкагийн Байгаль орчны сайд Махинда Амараверагийн хэлж буйгаар, амьтад олноороо үхсэн нь гагцхүү хөлөг онгоц осолдсонтой холбоотой байж магадгүй байна.

"Усан онгоц дээр 190 гаруй чингэлэг байсан бөгөөд ихэнх нь химийн бодис байсан” гэж сайд хэлжээ.

"Экспресс Перл" 270 гаруй тонн мазут, 50 тонн дизель, 25 тонн азотын хүчил болон бусад химийн бодис тээвэрлэж байсайн байна. Шри-Ланкийн эрэг "химийн бодисын шөл" болж хувирсан гэж байгаль хамгаалагчид мэдэгджээ. Мэргэжилтнүүд гамшгийн үр дагавар хэдэн арван жилээр үргэлжилж болзошгүй гэж анхааруулсан байна.

Далайн эргийн энэ хэсэг нь Шри Ланкийн эрэг дагуух хамгийн эрүүл газар юм. Гэвч усан дээр үүссэн мазутын асар том толбонууд, асар их хэмжээний хог хаягдал нь аялал жуулчлал хөгжсөн уг бүс нутагт удахгүй нөлөөлнө гэж мэргэжилтнүүд мэдэгджээ.

Шри-Ланкийн Засгийн газар хөлөг онгоцыг эзэмшигч компаниас 40 сая ам.долларын нөхөн төлбөр шаардсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.