Тусламж авч чадалгүй нас барсан иргэний асуудлаар зарим албан тушаалтныг ажлаас чөлөөлнө

Тусламж авч чадалгүй нас барсан иргэний асуудлаар зарим албан тушаалтныг ажлаас чөлөөлнө

Ковидын халдвар авсан иргэн эмнэлгийн гадаа ирээд амиа алдсан харамсалтай үйл явдал  /2021.07.03/ болсон. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас өчигдөр  уг асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийсэн билээ.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэлэхдээ "Талийгаач долоодугаар сарын 2-ны өдөр “Хатагтай” эмнэлгийн “Онош мед” лабораторид түргэвчилсэн тест өгсөн. Бид системд шалгаж үзэхэд эерэг гэсэн хариу  гарсан байгаа. Уушгины рентген зураг авахуулсан байгаа. Рентген зураг дээр хатгаатай. Талийгаач Чингэлтэй дүүргийн 50 дугаар хорооны 6 дугаар байранд ажиллангаа амьдарч байдаг хүн байна. Үндсэн захиргаа бол Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо. Чингэлтэй дүүргийн 50 дугаар байр бол тус дүүргийн 6 дугаар хорооны ӨЭМТ-өөс 10 метрийн зайд ойр  байрладаг. Хэсгийн ахлагчийн өрхийн эмчид мэдээлсэн мэдээллээр бол алтны дархан хийж хоёр хүн ажиллаж амьдардаг. Амьдардаг өрөөнийх нь нөхцөл бол маш тааруу. Орон сууцны зоорийн давхарт байдаг. Сүүлийн 10 хоног согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэсэн өгүүлэмж өгсөн байна.

Долоодугаар сарын 2-ны өдрийн  09.30 цагт 103 түргэн тусламж дуудсан. Эмч очиж үзсэн. Тухайн үед өөрийн биеийн байдлаа товч танилцуулж байсан. 103-ын эмч уушгины зургийг үзээд, уушгины хатгаа байна, харьяа эмнэлэг, ӨЭМТ-д хандахыг зөвлөсөн. Талийгаач Баянзүрх дүүргийн "Энэрэл" эмнэлэгт хандсан. Тус эмнэлэг 6 сарын 9-нөөс ковидын эмнэлэг болж, ажиллаж байгаа. Өчигдрийн байдлаар 244 хүнийг эмчилсэн. 76 хүн эмчлүүлж байгаа. Тус эмнэлэгт өдөрт олон хүн ханддаг.

Тухайн өдөр "Энэрэл" эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад энэ хүний нэр байхгүй байсан учраас Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг өвчтөнг авахгүйгээр буцаагаад "Энэрэл" эмнэлэг рүү явуулсан байна. Дахин "Энэрэл" эмнэлгийн гадаа ирсэн. Энэ мөчид ХӨСҮТ рүү хүнд өвчтөнөө шилжүүлээд буцаж ирсэн эмнэлгийн машин таараад, эмнэлгийн жолооч дахин түргэн тусламж дуудсан. 

Түргэн тусламжийн баг 5 минутын дараа ирэхэд, тухайн иргэнд амилуулах тусламж үзүүлэх боломжгүй байдал үүсэж нас барсан байсан.

Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа ковидын хүнд нөхцөлд,  эмнэлгийн заалттай өвчтөнд яаралтай тусламж үзүүлж ажиллаж байгаа. 

Тусламж үйлчилгээний явцад НЭМГ-аас шуурхай ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.

Анхан шатны тусламж үзүүлэхдээ хайнга хандаж хариуцлагагүй үйлдэл гаргасан Түргэн тусламжийн төвийн захирал, "Энэрэл" эмнэлгийн захирлуудад хариуцлага тооцож байгаа. НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга н.Мөнхдэлгэр нарыг үүрэгт ажлаас чөлөөлнө. 

Хариуцлага алдсан албан тушаалтнуудын өмнөөс эмгэнэл илэрхийлье.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага учраас менежментийн багийг өөрчилж, ажлаа сайжруулах чиглэл  өгнө гэсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.