"Facebook Marketplace" цэсийг Монголд албан ёсоор ашиглах боломжтой боллоо
"Facebook" компани хэрэглэгчдэд борлуулалтыг хялбаршуулж, худалдан авалт хийх боломжтой Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байна.
Монголын фэйсбүүк хэрэглэгчид аппликэйшнийхаа Marketplace цэс дээр дарах эсвэл www.facebook.com/marketplace холбоосоор зочлон, хүссэн ангилал, байршлынхаа дагуу хайлт хийх боломжтой.
Энэ талаар Facebook компанийн Хонгконг, Тайван, Монгол болон Төв Азийг хариуцсан олон нийтийн бодлогын газрын дарга Жорж Чен: “Бид "Facebook-н Marketplace" цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байгаа нь хурдтай хөгжиж буй цахим худалдааны зах зээлд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Цахим худалдаа нь Монголын эдийн засгийн цахим шилжилтэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа. Монголчууд худалдаа наймаа хийхдээ "Facebook"-г өргөн ашигладаг тул бид аюулгүй, хэрэглэхэд хялбар "Marketplace" цэсийг нэвтрүүллээ” гэв.
ХХМТГ-н газрын дарга Б.Болор-Эрдэнэ, “Монголчууд "Facebook"-н "Marketplace" цэс ашиглан худалдаа хийх боломж бүрдэж байна. Худалдан авагч нь аль хэдийн бүрдсэн зах зээлд бүтээгдэхүүнээ улсын хэмжээнд борлуулах нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд орлогоо нэмэх боломж юм” хэмээжээ.
ХХМТГ, “Facebook” компани, “Faro Foundation Mongolia” ТББ хамтран бизнес эрхлэгч, хувь хүмүүст Facebook Marketplace-г өөрсдийн дижитал маркетинг болон цахим худалдаандаа үр ашигтай ашиглах сургалт явуулах аж.
Та худалдаа хийхийн тулд "Facebook"-н "Marketplace" цэс дээр дарах эсвэл www.facebook.com/marketplace холбоосоор нэвтэрнэ. Өөрийн сонирхолд нийцсэн зар руу нэвтэрч, байршил, бүтээгдэхүүний ангиллаа тохируулснаар таны сонирхолд нийцсэн зарууд харагдах юм. Мөн хайж буй зүйлээ олохын тулд хайлтын хэсгийг ашиглана. Өөрт тохирсон зүйлээ хадгалах, борлуулагчтай мессенжерээр холбогдохоос гадна борлуулагчийн Фэйсбүүк хаягаар зочлон дэлгэрэнгүй мэдээлэл авч, хүмүүсийн тэдэнд өгсөн үнэлгээг харж болно. Үүний дараа борлуулагч, худалдан авагч нар төлбөр, хүргэлтээ хэрхэн хийхээ шийднэ.
Түүнчлэн, боруулагч олонд нээлттэй зар үүсгэж, зарах зүйлээ оруулна. Ингэснээр борлуулагч "Marketplace" дээр зар оруулахад "Marketplace", "News Feed", "Facebook"-н хайлтын хэсэг, бусад групп, хайлтын систем дээр харагдана. Өөрийн зараа "Facebook"-н "Buy and Sell" группт оруулах ч боломжтой. Зарах бүтээгдэхүүнийхээ зургийг авч, нэр, тайлбар, үнэ зэргээ оруулаад, байршил, ангиллаа сонгоод байршуулна. Тухайн байршилд байгаа хүмүүс зарыг харах боломжтой. Одоогийн болон өмнөх худалдан авалтынхаа түүхийг “Your items” хэсгээс харах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.