Хакүхо М.Даваажаргал хоёр дахь даваагаа авлаа
Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өнгөрсөн ням гарагт Нагоя хотын Долфинс ордонд эхэлсэн билээ. Энэ удаагийн башёд өмнө нь өнжөөд байсан ёкозүна Хакүхо М.Даваажаргал барилдаж буйгаараа онцлог юм. Тэрбээр башёгийн хоёр дахь өдөр маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Эндотой барилдаж, ээлжит даваагаа авлаа.
Цар тахлын улмаас Долфинс ордон тал дүүргэлттэй буюу 3800 үзэгчийг оруулж байна.
Энэ удаагийн башёд түрүүлбэл ёкозүна цол хүртэх болзолтой байгаа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби Вакатакакагэг давж, мөн хоёр дахь даваагаа авлаа. Монголчуудын хувьд Нагоя башёг сайн эхлүүлээд байна. Маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Ичиножо А.Ичинноров энэ өдөр озэки Такакэйшог, Чиёошома Г.Мөнхсайхан Аоияамаг, Тамаваши Б.Мөнх-Оргил Кайсэйг тус тус давж, бүгд хоёр даваатай нэг ч унаагүй башёг үргэлжлүүлж байна.
Харин энэ өдөр Хошорюү С.Бямбасүрэн, Кирибаяама Б.Лхагвасүрэн гэсэн Монгол бөхчүүд хоорондоо барилдаж, Асашорюү Д.Дагвадоржийн авга дүү Хошорюү илүүрхлээ. Ингэснээр тэрбээр хоёр даваатай болсон бол Кирибаяама нэг даваа, нэг унаатай боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.