Монголын шилдэг байт харваачид төрийн дээд шагнал хүртэв.
Монголын байт харвааны холбооны Мастеруудын зөвлөлийн гишүүн, ОУХМ Шагдарын Бямбасүрэн төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон"-оор, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Жанцангийн Гантөгс, ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг нар "Алтан гадас одон"-гоор тус тус шагнууллаа.
Ш.Бямбасүрэн байт харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээний 8 удаагийн аварга, Монгол Улсын рекорд амжилтыг 18 удаа шинэчлэн тогтоож байсан. 1980 оны Москвагийн зуны олимпын наадамд оролцож байсан манай шилдэг ахмад харваачдын нэг юм. Мөн тэрбээр 2008 оны паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар Дамбадондогийн Баатаржавын анхны багш билээ.
Ж.Гантөгс 2007 оноос Үндэсний шигшээ багийн тамирчин, 12 удаагийн Улсын аварга, Улсын рекорд амжилтыг 21 удаа шинэчлэн тогтоосон, “Лондон-2012” , “Рио-2016” олимпын наадмуудад амжилттай оролцсон. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, Азийн цомын тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө медалийг хүртэж байв.
Б.Урантунгалаг 2007 оноос Үндэсний шигшээ багийн тамирчин, 10 удаагийн Улсын аварга, Үндэсний 8 рекорд амжилтыг эзэмшдэг. “Лондон-2012” олимпын наадмын 9 дүгээр байр, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн заалны наадмын мөнгө, Азийн цомын тэмцээний алт, мөнгө медалийг хүртэж, Дэлхийн цом болон Азийн наадмын 4 дүгээр байрыг эзэлж байсан. Удахгүй эхлэх “Токио-2020” олимпын наадмын эрхээ аваад байгаа билээ.
Мөн Ж.Гантөгсийн эхнэр, байт харвааны ОУХМ М.Оюунчимэг "Алтан гадас одон"-оор шагнуулж гэр бүлийн хоёр 1 өдөр төрд хөдөлмөрөө үнэлүүлсэн сайхан үйл явдал болсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.