Олимпын наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэн дэх үзэгчдийн тоог 5 мянгаас хэтрүүлэхгүй
Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулагчид цэнгэлдэх хүрээлэнд байх үзэгчдийн тоог 5 мянгаас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөж байна гэж “Kyodo” агентлаг мэдээлжээ.
Үзэгчидтэй холбоотой шийдвэрийг энэ сарын 8-нд товлогдсон, зохион байгуулагчдын таван талт уулзалтын дараа албан ёсоор танилцуулах төлөвтэй байна. Нийслэлийн бүсэд коронавирусний халдварт өвчин дэгдэх хүнд нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор зохион байгуулагчид үзэгчдийн тоог багасгахаар төлөвлөж байгаа юм. Уулзалтад Японы засгийн газар, Токио хотын захиргаа, Олон улсын Олимпын хороо, Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцох аж.
Өмнө нь буюу 6 дугаар сарын 21-нд дотоодын үзэгчдийн тоог 10 мянган хүнээр хязгаарлаж, тэмцээний үеэр спортын байгууламжуудын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтжээ. Гэсэн ч Японд коронавирусний халдварт өвчний нөхцөл байдал амаргүй байгаатай холбоотойгоор засгийн газар, зохион байгуулагчдын зүгээс ийм тооны хөгжөөн дэмжигчидтэйгээр наадмыг явуулахад хүндрэлтэй байх юм.
Токиогийн Олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан билээ. Зуны Олимпын наадам эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдээд байна. Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид гуравдугаар сарын 20-нд гаргасан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.