БНСУ: Эмэгтэй офицерт бэлгийн дарамт учруулсан армийн генералыг баривчилжээ.
Доод тушаалын эмэгтэй офицерт бэлгийн дарамт учруулсан Өмнөд Солонгосын армийн генералыг баривчилсан тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Офицеруудтайгаа хамт оройн зоог барих үеэр бригадын генерал хохирогч эмэгтэйн биед халдсан юм байна. Умард Солонгостой дайны байдалд байдаг Өмнөд Солонгосын арми нь хатуу чанга дэг журамтайгаараа алдартай. Мөн насанд хүрсэн эрүүл саруул эр хүн бүр цэргийн алба заавал хаах үүрэгтэй байдаг.
Гэтэл сүүлийн саруудад тус улсын зэвсэгт хүчинд гарсан бэлгийн хүчирхийллийн хэргүүд ил болж, олон нийтийг бухимдуулаад байгаа билээ. Тавдугаар сард бэлгийн дарамтын хохирогч болсон эмэгтэй офицер амиа хорлосноор уг асуудал олны анхаарлын төвд орсон юм.
Хохирогч эмэгтэй хэргийн талаар дээд удирдлагадаа мэдэгдсэн ч хүлээж аваагүйгээр барахгүй нуун дарагдуулахыг оролдож байжээ.
Уг хэргийн дараа Өмнөд Солонгосын агаарын хүчний командлагч албан тушаалаасаа огцорч, батлан хамгаалах яам нь өргөн хүрээнд мөрдөн шалгах ажлыг эхлүүлж байв. Арми дотор гарсан бэлгийн дарамт, хүчингийн хэргийг илчлэх аян өрнүүлсний үр дүнд өнгөрсөн хугацаанд 20 орчим хэргийн тухай мэдээлэл хүлээн авч, тусгай ажлын хэсэг мөрөөр нь шалгаж эхэлжээ.
Эх сурвалж : Yonhap News
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.