Авто зам ашигласны хураамжийг цахимаар авч эхэллээ
Олон улс, улсын чанартай авто зам ашигласны хураамж авах төлбөр авах цэг /ТАЦ/-ийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эхлүүллээ.
Тодруулбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх” гэж тусгагдсан байдаг бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 онд А/59 дүгээр тушаалаар олон улс, улсын чанартай авто зам ашигласны хураамж авах ТАЦ-ийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эхлүүлсэн.
Уг тушаалд нийт 28 ТАЦ-ийн үйл ажиллагааг 2 үе шаттайгаар цахимжуулахаар тусгасан бөгөөд Улаанбаатар орчмыг /Налайх-Тэрэлж, Эмээлт, Хоолт/ цахимжуулаад байгаа бол үлдсэн 25-ийг энэ онд багтаан цахимжуулахаар ажиллаж байгаа юм
ТАЦ-ийн үйл ажиллагааг цахимжуулснаар тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хугацааг 20-30 хувь хэмнэх, төлбөр авах үйл ажиллагаанд хүний оролцоог багасгаж, даац хэтрэлт, зөрчилтэй тээврийн хэрэгсэл гэх мэт авто зам ашиглалттай холбоотой хяналтыг сайжруулах, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим бодит цагийн нарийвчлалтайгаар гарч, мэдээллийн нэгдсэн сан бий болох, бусад байгууллагын системтэй интеграц хийж, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ гэж үзжээ.
Цахимжуулалтын ажлын эхний үе шатыг “Оргил Дельта Трейд" ХХК 325 сая төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын хүрээнд LPR камер болон RFID уншигч, NFC болон QR функцийг ашигласан пос уншигч, Тээврийн хэрэгслийн дугаар, жин, төлбөрийн хэмжээг жолоочид харуулах зориулалт бүхий LED самбарыг суурилуулах, программ хангамжийг хөгжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.
Өнөөдрийн байдлаар цахим төлбөр нь И-баримт, Сошиал пей, Монпей аппликейшнд тээврийн хэрэгсэлээ бүртгүүлсэн хэрэглэгчдэд үйлчлэх бөгөөд цаашид бүх банкны данснаас цахим төлбөр хийгддэг болгохоор банкуудтай хамтран ажиллаж байгаа юм.
Мөн одоо ашиглагдаж буй аппликейшнуудаас И-баримт аппликейшн зөвхөн нэхэмжлэх үүсгэж, хэрэглэгч өөрийн дурын данснаас төлбөрийг хийх боломжтой бол Сошиал пей, Монпей аппликейшнд тээврийн хэрэгсэл бүртгүүлсэн иргэд төлбөрөө тухайн мөчид цахимаар төлдөг байхаар зохицуулагдсан юм.
Өнгөрсөн жил эдгээр цэгүүд нийтдээ найман тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 2,5 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Ийнхүү тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх цахим хөтөлбөрийн ажил хэрэгжиж эхэллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.