Нийслэлийн иргэдийг аялаж, зугаалахдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулах шаардлага тавина

Нийслэлийн иргэдийг аялаж, зугаалахдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулах шаардлага тавина

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, үндэсний их баяр, наадмын амралтын өдрүүдэд хорио, цээрийн зохицуулалтын талаар чиглэл гаргасан талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэв.

Тэрбээр, "Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 9-19-ныг дуустал бүх нийтийн амралтын өдөр байхаар болсон. Зуны улирал болж байгаатай холбогдуулан иргэдийн орон нутаг руу зөрчих хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар, 20 аймагт нийт 30 299 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эмнэлэг болох тусгаарлах байранд 7 476 хүн эмчлүүлж байна" хэмээн танилцууллаа. 

Өчигдрийн байдлаар 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хөдөлгөөн хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна. Энэ сарын 9-нөөс 13 аймаг, 101 сумын хязгаарлалтын дэглэм дуусна. Үлдсэн 11 аймгийн 100 суманд хөл хорио хэвээр үргэлжлэх юм байна. УОК-өөс хязгаарлалт нь дуусаж буй орон нутагт дахин хязгаарлалт тогтоохгүй байх чиглэл өгч байгааг мэдээллийн үеэр тодотгов. 

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Орон нутагт нөхцөл байдал хүнд байгаа тул аль болох зорчихгүй байхыг уриалаад, "Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон, эсхүл халдвар аваад эдгэрсэн иргэд бичиг баримтандаа үндэслэн зорчино. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй хүмүүсийг PCR болон түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан бичиг баримтанд үндэслэн товчоогоор нэвтрүүлнэ. Орон нутагт зорчиж буй нэг өрхийн 5-аас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авна. Өчигдрийн байдлаар, 0-18 хүртэлх насны 27 400 хүүхэд халдвараар өвчилсөн байна" хэмээв. 

Мөн аймаг, сумын Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ аялал жуулчлалын бүсэд буй амралт, жуулчны баазуудтай хариуцлагын гэрээ байгуулахыг чиглэл болгожээ.

ХӨСҮТ-өөс хийсэн урьдчилан тооцоогоор, энэ сарын 17-ноос орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдол 1300 орчим болж нэмэгдэхээр байгаа аж. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдэх эрсдэл байгааг танилцуулжээ. Ирэх сард коронавирусний дельта хувилбар дэлхийн 80 орчим хувьд тархана гэсэн судалгаа гараад буйг мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.