Гадаадад суугаа монголчууд 60 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат хандивлалаа
АНУ-д бүртгэлтэй “Говь сан”-гаас Монгол Улсын эмнэлгүүдэд нийт 60 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат хандивлалаа.
Тодруулбал, Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эмнэлэгт нийт 60 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 60 ширхэг хүчилтөрөгч, пульс хэмжигч багаж хандивлалаа.
Монголд ковид-19 өвчний нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүдийн ачаалал ихсэж, хүний амь аврахад шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг үед тус байгууллага АНУ-д амьдардаг монголчуудын дунд хандивын аян зохион байгуулсан юм. Тэд анх 30 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч авах зорилт тавьжээ. Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй монголчууд уг аяны тухай сонсож хандив илгээж 7 хоногийн дотор анхны зорилтоосоо хоёр дахин олон аппаратын хандив цугларсан байна.
Хандивын аппаратыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч хөдөө орон нутагт хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулахаа мэдэгдлээ.
Хандивыг гардуулах үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “Говь сан”-гийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганхуяг, Т.Батжаргал, “Говь сан”-гийн Монгол дахь төлөөлөгч Э.Гантулга болон Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүрэг, Сэргээн засах клиник эмнэлгийн удирдлагууд оролцож хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, пульс хэмжигч багажийг хүлээн авлаа.
“Говь сан”-гийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнх “Гадаадад байгаа монголчууд маш богино хугацаанд нэгдэж чадлаа. Хандив илгээсэн бүх хүмүүст баярлалаа, та бүхний оролцоотойгоор өөрөө амьсгалж чадахгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орсон олон хүнд тус хүргэлээ. Хүн бүхэн дор бүрнээ хичээгээрэй, яаж энэ хэцүү үед би эх орондоо, хэн нэгэнд тус болж чадах вэ гэж өөрөөсөө асуугаарай, хариулт нь үргэлж бэлэн байдаг юм” гэв.
Олон улсын чанарын шаардлага хангасан хүчилтөрөгчийн Jay-5BW загварын аппаратыг худалдан авах, оруулж ирэх ажлыг эмнэлгийн тоног төхөөрөмж импортлогч “Ашид буян” ХХК маш богино хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд тус компани хүчилтөрөгчийн аппаратын үйлдвэрийн баталгаа, мөн засвар үйлчилгээг хангаж ажиллах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.