Дипломатчийн хэлсэн үгний төлөө Өмнөд Солонгос улс Японы элчин сайдад эсэргүүцэл илэрхийлжээ

Дипломатчийн хэлсэн үгний төлөө Өмнөд Солонгос улс Японы элчин сайдад эсэргүүцэл илэрхийлжээ

Япон улсын Сөүл дэх элчин сайдын яамны албан тушаалтан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний талаар таагүй үг хэлсэн нь хоёр орны харилцааг хурцатгаад байна.

Сөүл дэх элчин сайдын яамны дэд сайд Хирохиса Сома өнгөрсөн Пүрэв гарагт Өмнөд Солонгосын JTBC телевизийн сувагт ярилцлага өгөхдөө ийм үг хэлсэн юм. Өмнөд Солонгосын тал ирэх долоо хоногт эхлэх олимпын наадмын нээлтэд ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг оролцуулахдаа Япон улсын ерөнхий сайд Ёшихиде Сүгатай нэг цаг үргэлжлэх дээд хэмжээний уулзалт зохион байгуулах зорилготой байв.

Энэ уулзалтаар хоёр орны муудсан харилцааг сэргээх эхний алхмыг хийхээр Сөүлийн эрх баригчид төлөвлөж байжээ.

Гэвч Сүга олимпын нээлтэд оролцох гадаадын төрийн тэргүүн тус бүртэй 15 минутын хугацаанд уулзахаар төлөвлөснийг Японы хэвлэлүүд мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл Өмнөд Солонгосын төлөвлөгөө биелэх эсэх нь эргэлзээтэй болсон байна. Хоёр улсын төрийн тэргүүнүүд зургаадугаар сард Их Британид болсон Их Долоогийн чуулганы үеэр уулзах тухай яригдаж байсан ч бүтээгүй юм.

JTBC сувгийн сэтгүүлчтэй ярихдаа Сома “Хоёр орны харилцаанд Япон улсын засгийн газар Өмнөд Солонгосын тал шиг их санаа зовохгүй байгаа. Ерөнхийлөгч Мүүн дэмий өөрийгөө зовоож байна” гэж хэлээд Мүүн Жэ Инийг “гар хангалга хийж байна” хэмээн егөөджээ.

Сүүлд Сома хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйж, энэ нь ерөнхийлөгч Мүүн Жэ Ин рүү шууд чиглээгүй, Өмнөд Солонгосын одоо явуулж буй дипломат бодлогын чиг хандлагыг тодорхойлсон агуулгатай үг байсныг тайлбарласан юм. Дэлхийн хоёрдугаар дайн, колоничлолын түүхтэй холбоотой маргаан сүүлийн жилүүдэд хоёр орны харилцааг муутгаад байгаа.

Тухайлбал колоничлолын үед солонгос хүмүүсийг Японы үйлдвэрүүдэд албадан ажиллуулж байсан, солонгос эмэгтэйчүүдийг Японы армид сэкс боол болгон ашиглаж байсан зэрэг түүхтэй холбоотой маргаан яригддаг. Хоёр улс нэг нэгнийхээ эсрэг экспортын хориг тавьж, газар нутгийн маргаан үе үе сөхөгдөж байна.

Саяхан олимпын наадмын бамбарыг аялуулах газрын зурагтаа Япон улс Такешима арлыг өөрийн газар нутаг мэтээр дүрсэлсэн нь ээлжит зөрчлийг үүсгэсэн юм. Өмнөд Солонгосын тал Докдо гэж нэрлэдэг далай дундах хос хадан хясааг өөрийн газар нутагт тооцож, харуулын пост байрлуулсан байдаг.

Бямба гарагт Өмнөд Солонгосын гадаад хэргийн дэд сайд Чой Жон Күн тус улс дахь Япон улсын элчин сайд Койчи Айбошитай уулзахдаа Сомагийн хэлсэн “дипломат бус, бүдүүлэг” үг хэллэгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд зохих арга хэмжээ авахыг шаарджээ. “Дипломатч хүн ийм агуулгатай зүйл ярих нь байж боломгүй зүйл.

Бид уг асуудлыг ноцтой авч үзэж, шаардлагатай арга хэмжээг дипломат шугамаар авах болно” гэж Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна. Сүүлд элчин сайд Койчи Айбоши өөрийн орлогч Хирохиса Сомад донгодох арга хэмжээ авсан тухай Сөүл дэх Япон улсын элчин сайдын яам мэдээлжээ. Эх сурвалж: Korea Times, Kyodo News

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.