Токиогийн Олимп софтболын тэмцээнээр эхэллээ
Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимпын наадам өнөө өглөө Япон, Австралийн софтболын багийн тоглолтоор эхэллээ. Энэхүү тоглолт нь Японы нийслэл хотоос хойд зүгт байрлах Фүкүшима хот дахь “Azuma” цэнгэлдэх хүрээлэнд болж байна.
Олимпыг хойшлуулах шийдвэр гаргасан өдрөөс хойш 16 сарын дараа, Олимпын наадмын албан ёсны нээлтийн ёслол болохоос хоёр хоногийн өмнө болж буй уг тоглолт нь танхимын үзэгчгүйгээр явагдаж буйгаараа бусад Олимпын тэмцээнүүдээс ялгарч байна.
Ийнхүү ирэх наймдугаар сарын 8 хүртэлх 19 хоногийн хугацаанд 205 улс орон, бүс нутгийн 11 мянган тамирчин одоогоор онцгой байдал тогтоогоод буй Японы нийслэлд болон бусад муж, хотод болох тэмцээнүүдэд оролцоно.
Австралийн софтболын баг нь гурван хүрэл, нэг мөнгөн медалтай бөгөөд үүсэж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан Японд зургаадугаар сарын 1-нд ирсэн нь чухал тэмцээндээ сайн бэлтгэх боломжийг бүрдүүлжээ.
Токиогийн Олимпыг зохион байгуулагчдын нэмсэн спортын төрлүүдийн нэг болох софтбол нь 2008 оноос хойш анх удаа Олимпын наадмын төрөлд эргэн нэмэгдэж буй нь энэ юм. Япон улс 2008 онд энэ төрөлд алтан медаль хүртсэн билээ. Энэ удаагийн наадамд мөн л 2008 оноос хойш хасагдсан төрөл болох бейсболоос гадна серфинг, спорт авиралт, скейтбординг, каратэ зэрэг төрлүүд нэмэгдэж буй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.