Олон улсын химийн олимпиадаас Монгол сурагчид 4 шагнал хүртлээ
Олон улсын хэмжээний 5 дахь буюу химийн олимпиад Япон улсын Хигашиосака хотноо өмнө сарын 24-өөс энэ сарын 2 хүртэл зохиогдож 79 орны 312 сурагч оролцсон байна.
Химийн олимпиадаас Монгол Улсын баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагнал авлаа. Тодруулбал, Хөгжил цогцолбор сургуулийн сурагч Б.Гэрэл, Орчлон сургуулийн сурагч О.Тэмүүжин нар мөнгөн медаль, Хобби сургуулийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль хүртэж, Сант сургуулийн сурагч Д.Бумчин тусгай шагналын эзэд болсон байна.
Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн 6 олимпиад /Математик, Мэдээлэл зүй, Хими, Биологи, Физик, Газар зүй/ бий. Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад 5 олимпиадад оролцож нийт 2 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авч байгаа бол 4 сурагч тусгай байрт шалгарлаа. Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлж байна.
Цар тахалтай холбоотойгоор Улсын олимпиадуудыг цуцалж, олон улсын олимпиадын буухиаг таслахгүй байх зорилгоор сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан сурагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж, дасгалжуулж, шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэж ажилласан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.