Төвийн бүсийн хурдан морины "Сэлэнгэ хурд 2021" зуны улсын уралдаан эхэллээ
Төвийн бүсийн хурдан морины "Сэлэнгэ хурд 2021" зуны улсын уралдаан өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд эхэллээ.
"Сэлэнгэ хурд 2021" үйл ажиллагаанд төвийн бүсийн 7 аймгийн 13 галын 40 гаруй уяач, унаач хүүхдүүд 500 гаруй шандаст хүлэг оролцож байгаа аж. Уралдааны эхний өдөр Сонгомол дээд насны уралдан болж байгаа бөгөөд 60 гаруй хурдан хүлэг хурд хүчээ сорин уралдлаа.
Уралдааны тэргүүн байрт Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уяач, улсын начин Б.Сэр-Одын бор, аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр, удаах байруудад Төв аймгийн Заамар сумын н.Түмэн-Өлзийн зээрд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Батжаргалын хээр, Булган аймгийн Хангал сумын Чөдөр-Эрдэнийн хээр тус тус хурдалжээ.
Эл уралдааныг Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” морин уяачдын холбооноос зохион байгуулж байгаа юм. Төвийн бүсийн хурдан морины "Сэлэнгэ хурд 2021" зуны улсын уралдаан маргааш азарга, соёолон, хязаалан, 8-ны өдөр их нас, шүдлэн, дааганы уралдаанаар үргэлжлэн явагдана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.