ОХУ-д суралцах оюутнуудыг хойд хөршийн хилээр нэвтрүүлэх ажлууд хийгдэнэ
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев Оросын их, дээд сургуулиудад суралцаж буй 4000 гаруй монгол оюутны төлөөллийг хүлээн авч уулзсан билээ. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас их, дээд сургуульдаа цахимаар суралцаж буй эдгээр төгсөх дамжааны оюутнууд, дипломын хамгаалалт хийхийн тулд Орост очиж суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Россотрудничество агентлагаас тусламж хүссэн юм.
Өнөөдрийн байдлаар ОХУ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гадаад улс орнуудад улсын хилээ хаасан хэвээр байна.
Тэгвэл Россотрудничество агентлаг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж буй монгол оюутнуудад "ногоон коридор" нээж хил нэвтрүүлэх асуудлыг Оросын Засгийн газрын хэмжээнд зохицуулах ажлуудыг эхлүүлээд байна.
Ташрамд дурдахад, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт 2020 онд 550, 2021 онд 510 монгол иргэн сонгогдсон бөгөөд их дээд сургууль руугаа очоогүй болон их, дээд сургуулиа төгсөх гэж буй, ахлах дамжааны гээд нийт 4000 орчим оюутан хил нэвтэрч чадахгүй байгаа юм.
Уг оюутнуудын төлөөлөл энэ сарын 12-нд буюу пүрэв гарагт Улаанбаатар дахь "Русский Дом" (хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв)-д цуглахаар боллоо.
Эх сурвалж: Улаанбаатар дахь "Русский Дом"
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.