4-5 настай хүүхдийн цэцэрлэгийн элсэлт энэ сарын 16-25-нд болно.
Цар тахлын эрсдэлтэй энэ цаг үед 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын байгууллагууд сургалтын үйл ажиллагааг тусгай журам, зөвлөмжийн дагуу хязгаартай, үе шаттайгаар эхлүүлэхээр БШУЯ зохицуулалт хийж байна.
Тухайлбал, 4-5 настай хүүхдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн есдүгээр сарын нэгнээс танхимын сургалтад хамруулахыг тус яамны цахим хуудаснаа мэдээлжээ. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулна. Шинээр элсэх 4-5 настай хүүхдийн элсэлт энэ сарын 16-25-нд болно.
Харин 2-3 настай хүүхдийг халдварын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа ямар үе шаттай, хэрхэн цэцэрлэгт нь хамруулах талаар тухайн үед нь шийдвэр гаргах юм байна.
Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ. Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний ээлжинд 3 сар хэрэглэх байдлаар бэлтгэх юм.
Хэрэв нэг ангид 1 хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжиж, тухайн давхарт 3 бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана. Мөн өөр хоорондоо хамраалгүй байршилтай 3 болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлэх аж.
Эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүдийн оролцоо маш чухал. Тухайлбал, гэр, цэцэрлэгийн хооронд амны хаалт тогтмол зүүх, гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх, гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах, шүдийг өглөө, оройд сайтар угаалгах, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цэцэрлэгт явуулахгүй, бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй, зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллах шаардлагатайг БШУЯ-наас тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.