Хятад улсад цахим худалдаа тэргүүтэй бизнесийн шинэ хэлбэрүүд амжилттай хөгжиж байна
БНХАУ-д өнгөрсөн 40 жилийн хугацаанд ажлын байрыг олноор бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг хөхиүлэн дэмжсэнээр иргэдийн эдийн засгийн эрх, амьдралын чанар сайжирсан талаар тус улсын хүний эрхийн талаарх цагаан номонд бичжээ.
Хятад улс хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангахад тэргүүлэх ач холбогдол өгч, бизнес эрхлэгчдийг өргөнөөр хөхиүлэн дэмждэг байна. Тодруулбал, 2020 онд “COVID-19” цар тахлын нөлөөллийг үл харгалзан хот суурин газруудад 11.9 сая ажлын байрыг шинээр бий болгожээ.
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хувьд хот суурин газрын ажлын байрны 80 гаруй хувийг бүрдүүлдэг байна. Өнгөрсөн оны байдлаар, Хятад улсын ажил хөдөлмөр эрхэлдэг хүн амын тоо 750 саяд хүрсэн бөгөөд тэдний 463 сая нь хот суурин газарт ажиллаж байв.
Мөн Хятадын иргэдийн орлого жилээс жилд нэмэгдсээр байна. Цагаан номонд дурдсанаар, улсын нэг хүнд ногдох ДНБ 1978 онд 385 юань байсан бол 2020 онд 72 мянган юаньд хүрч өсжээ. Мөн 2020 оны байдлаар, улсын нэг хүнд ногдох дундаж орлого 32189 юань байжээ.
Хүнсэнд зарцуулдаг орлогын хувийг тооцоолдог Энгелийн коэффициентоор үзэхэд, иргэдийн хэрэглээ ч мөн төрөлжин сайжирч байна. 1978 оны байдлаар, Хятадын иргэд орлогынхоо 33.7 хувийг хоол хүнсэнд зарцуулдаг байсан бол 2020 онд энэ үзүүлэлт 30.2 хувь болж буурчээ. Энэ нь дан ганц хоол хүнс гэхээсээ илүүтэй тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн, зугаа цэнгэл зэрэгт мөнгөө зарцуулах хандлагатай болсныг илтгэж байна.
Мөн тус улсад орон сууцны нөхцөл ч эрс сайжирчээ. 2019 онд хотын нэг оршин суугчид ногдох талбайн хэмжээ 1978 оныхоос ес дахин их байсан бөгөөд олон тооны барилгын төсөл хэрэгжүүлсний дүнд 200 сая орчим ядуу иргэнд орон байрны нөхцөлөө сайжруулахад нь тусалсан байна.
Түүнчлэн нийтийн тээвэр илүү тохь тухтай, аюулгүй болж, улсын төмөр замын нийт урт нь 146 мянган км, хурдны төмөр замын урт 38 мянган км, авто замын урт 5.2 сая км, хот суурин газраар дамжин өнгөрөх төмөр замын урт 7355 км болж нэмэгджээ.
Хятад улсын Засгийн газар мэдээлэл технологийн ашиг тусыг иргэддээ илүү их хүртээхийн тулд дэд бүтцийн шинэ төрлүүдийг хөгжүүлэхэд мөн ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Тухайлбал, 2021 оны 6 дугаар сард улс даяарх “5G” сүлжээний станцын тоо 847 мянгад хүрчээ.
Мөн 2020 онд улсын 100 хүн тутамд ногдох гар утасны тоо 113.9 байсан бөгөөд интернэтийн хэрэглээ нь улсын хэмжээнд 70.4 хувь, хөдөө орон нутагт 55.9 хувьтай байжээ.
Цахим худалдаа тэргүүтэй бизнесийн шинэ хэлбэрүүд мөн тус улсад амжилттай хөгжиж байна. 2020 оны байдлаар, улсын нийт интернет хэрэглэгчдийн 79 орчим хувь нь цахимаар бараа бүтээгдэхүүн худалдан авч, цахим жижиглэнгийн худалдааны борлуулалт 11.8 их наяд юаньд хүрсэн нь 2019 оныхоос 10.9 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.