Сэлбэ дэд төвийн Бизнес инкубатор, МСҮТ-ийг нийслэлийн өмчид бүртгэнэ
НИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах, нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга хасах тухай асуудлыг танилцууллаа.
Хурлаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан Сэлбэ дэд төвийн Бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг нийслэлийн өмчид бүртгэж, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т эзэмшүүлэх талаар хэлэлцэв.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 70 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг бүрдүүлж байна.
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв нь Сэлбэ Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн бүсийн бизнес эрхлэгч иргэн, өрхийн үйл ажиллагааг хуульд заасны дагуу аж ахуй нэгжийн зохион байгуулалтад оруулж, бичил, жижиг, дунд өсөх үе шаттай бойжуулж, шаардагдах зөвлөх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Нэг цэгийн үйлчилгээ”-г төлөвлөөд байгаа юм. Мөн БНСУ-ын Сөүл хотын бизнес инкубатор байгууллагатай хамтран ажиллаж байна.
Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шинээр барьсан 12 барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж, “Хүрээ” амаржих газрын зоорийн хоёр барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай хэлэлцлээ. “Хүрээ” амаржих газрын зоорийн хоёр барилга 1959 онд ашиглалтад орсон бөгөөд 2015 оны дүгнэлтээр зоорийн хучилтын модон дам нуруу, банзнууд муудсан, хотойлт үүссэн, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон тул ашиглалтыг зогсоогоод байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.