Талибууд Афганистаныг ардчилсан улс болгохгүй

Талибууд Афганистаныг ардчилсан улс болгохгүй

“Талибан” хөдөлгөөн Афганистаныг ардчилсан улс болгохгүй бөгөөд улс орныг удирдах үндэс суурийг шариатын хууль бүрдүүлнэ гэж тус хөдөлгөөний төлөөлөгч Вахедулла Хашими мэдэгджээ.

“Ардчилсан тогтолцоо огт байхгүй байх болно. Учир нь манай улсад ийм тогтолцооны ямар ч суурь байхгүй. Бид Афганистанд улс төрийн ямар тогтолцоог ашиглах ёстой талаар хэлэлцэхгүй, учир нь энэ нь ойлгомжтой юм. Энэ бол шариатын хууль” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Хашими мөн “Талибан” хөдөлгөөний дээд удирдагч болох Хайбатулла Ахундзадаг Афганистаны Ерөнхийлөгч болох магадлал өндөр байгааг нэмж хэлжээ.

Наймдугаар сарын 15-ны өглөө талибууд Афганистаны нийслэл Кабул хотыг ямар ч тулаан хийлгүйгээр эзлэн авч, Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэн гарсан билээ.

Удалгүй “Талибан”-ы улс төрийн газрын төлөөлөгч Мохаммад Наим Афганистанд дайн дууссаныг зарласан юм.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.