Токиод жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол нэмэгдэж байна.
Японы нийслэл Токио хотод коронавирусээр халдварласан жирэмсэн эмэгтэйчүүдийн тоо өнгөрсөн долоодугаар сард хамгийн олноор буюу 100 орчмоор нэмэгджээ.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд, жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд хүндрээр өвчлөх эрсдэл харьцангуй өндөр байгаа тул аль болох ойрын боломжтой хугацаандаа вакцин хийлгэхийг уриалж байна.
Тодруулбал, Японы Эх баригч, эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны мэдээллээр нийслэлд өнгөрсөн сард 98 жирэмсэн эмэгтэй коронавирусээр халдварласныг тогтоожээ.
Өмнөх өндөр үзүүлэлтүүдийг дурдвал, өнгөрсөн 12 дугаар сард 46, энэ оны тавдугаар сард 50 эмэгтэйгээс халдвар илэрсэн байна. Ингэснээр Токиод өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас энэ оны долоодугаар сар хүртэл 460 жирэмсэн эмэгтэй коронавирусээр халдварлажээ.
Эмч нарын холбооны мэдээлснээр, жирэмсэн эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсний сүүлийн саруудад халдвар авсан тохиолдолд хүндрэх магадлал өндөр байна. Иймээс тус холбоо жирэмсний хэдэн долоо хоногтойгоо үл харгалзан вакцинд хамрагдахыг эхчүүдэд зөвлөж байгаа ажээ.
“Nippon” анагаах ухааны сургуулийн профессор Накай Акихитогийн мэдээлснээр, жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдлыг нийт хүн амынхтай харьцуулахад бага байгаа бөгөөд үүнийг хөл хүнд эхчүүд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж байгаатай холбоотой гэж үзэж байна.
Харин сүүлийн үед Токиод жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол нэмэгдэж буй нь халдвар орон даяар хурдацтай тархах болсонтой холбоотой гэнэ. Профессорын хэлснээр, халдвар авсан тохиолдолд уух олон эмийг жирэмсэн үед хэрэглэж болохгүй тул вакцин хийлгэх хэрэгтэй ажээ. Түүнчлэн тэдэнтэй ойр байгаа хүмүүс ч мөн аль болох ойрын хугацаанд вакцин хийлгэх нь зүйтэй гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.