Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл удаашралтай байна
Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс даяар цахимаар бүртгэж байгаа.
Энэ сарын 16-ны 9.00 цагт эхэлсэн цахим бүртгэлт өчигдөрийн 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх сурагчдын 42 хувь нь сургуульдаа бүртгүүлжээ.
Нийслэлд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцана. Тэдний 44.2 хувь нь л бүртгүүлсэн бол Багануур дүүрэгт бүртгэл 29.5, Багахангайд 47.4, Налайхад 56.9, Баянголд 46.4, Баянзүрхэд 41.9, Сонгинохайрханд 50.3, Сүхбаатарт 43.1, Хан-Уулд 42.5, Чингэлтэйд 37.3 хувьтай байна.
Цахим бүртгэл маргааш 17.00 цагт хаагдана. Гэтэл улс, нийслэлд бүртгэлийн ирц хангалтгүй, хүүхэд багачуудын тал хувь нь ч бүртгүүлж амжаагүй байгаа аж.
БШУЯ, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн сургуульд нь бүртгэхээр болсон. Тухайн сургуульд суралцах сурагчдын нэрсийн дагуу эцэг, эхчүүд бүртгэлийг www.parent.edu.mn цахим хуудсаар баталгаажуулах учиртай. Бүртгүүлэх явц амар хялбар, системийн хувьд саатал, хүндрэлгүй байгаа ч эцэг, эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлэхгүй, бүртгэлийн явц удаашралтай байна. Иймд эцэг, эхчүүдийг бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн Боловсролын газраас уриаллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.