Афганчууд хаашаа хамгийн олноороо дүрвэж байгаа вэ?

Афганчууд хаашаа хамгийн олноороо дүрвэж байгаа вэ?

Афганистаны Засгийн газар талибуудын гарт шилжсэнээс хойш эх орноосоо дүрвэх афганчуудын тоо өссөөр байна.  Гэхдээ хэчнээн  афган хүн эх орноо орхиж гарсан нь  тодорхойгүй байгаа юм. Талибууд  Афганистаны хөрш орнуудтайгаа хуурай замаар хиллэдэг  хэсгийг хянаж байгаа бөгөөд энэ нь жирийн иргэдийн улсаа орхих гэсэн оролдлогод ихээхэн саад болж байна. Хил хаалттай өнөөгийн нөхцөлд арилжааны нислэг байхгүй, гагцхүү АНУ-ын зохион байгуулж буй нүүлгэн шилжүүлэх тусгай үүргийн нислэгээр л эх орноосоо гарах боломжтой тул афганчууд уг онгоцонд багтах гэж нисэх буудлын хашаанд олон мянгаараа цуглан, шахцалдан, олны хөлд дарагдсанаар 10 гаруй хүн амиа алдаад байна.  Талибууд нүүлгэн шилжүүлэлтийн хугацааг наймдугаар сарын 31-нээр дуусгавар болгон тооцож, үүнээс хойш улсаасаа нэг ч хүн гаргахгүй гэж мэдэгдэж байв. Харин  наймдугаар сарын 23-нд мэдэгдэл хийхдээ, шаардлагатай баримт бичигтэй л бол наймдугаар сарын 31-ний өдрөөс ч хойш афганчууд эх орноосоо явж болно гэдгийг онцолжээ. НҮБ -ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар “Өнөөдрийн байдлаар аюулд өртөж болзошгүй хүмүүст тодорхой гарц байхгүй байна” гэжээ. Гэсэн хэдий ч дүрвэгсэд гарц олж, эх орноо орхисоор байгаа юм. Талибууд Кабулыг эзлэн авснаас хойш олон мянган афган хүн  Пакистан руу нэвтэрсэн бол 1500 орчим афган Узбекстанд нэвтэрч, хилийн ойролцоо майханд амьдарч байгаа аж. НАТО -гийн албаны хүний мэдээлснээр талибууд Кабулыг эзэлснээс хойш 18 мянга гаруй хүнийг нисэх онгоцны буудлаас авсан ч  тэдний хэд нь Афганистаны иргэн байсан нь тодорхойгүй байна. НҮБ -ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн зургаадугаар сард гаргасан тайланд 14 сая хүн буюу нийт хүн амын гуравны нэгээс илүү нь өлсгөлөнд нэрвэгдээд байгааг онцолсон байдаг.

ӨНГӨРСӨН ЖИЛ АФГАНЧУУД АЛЬ УЛСЫГ ХАМГИЙН ИХ ЗОРЬСО БЭ
 

Хөрш зэргэлдээ орнууд болох Пакистан, Иран өнгөрсөн онд Афганистанаас хамгийн олон дүрвэгч хүлээн авсан байна. Бараг 1.5 сая афган хүн 2020 онд Пакистан руу дүрвэсэн бол НҮБ -ын Дүрвэгсдийн комиссын мэдээлснээр Иран 780 мянгыг хүлээн авчээ. Харин  Герман 180 мянга гаруй, Турк руу 130 мянган хүн дүрвэсэн байна.

 

УЛС ОРНУУД АФГАНИСТАНД ЯМАР ТУСЛАМЖ САНАЛ БОЛГОСОН БЭ

 

Иран

  • Тус улс Афганистантай хиллэдэг гурван муждаа дүрвэгсдэд зориулсан  майхан барьжээ. Гэхдээ Ираны Дотоод хэргийн яамны өндөр албан тушаалтнууд Иранд нэвтэрсэн афганчуудыг нөхцөл байдал  сайжирсны дараа эх оронд нь буцаана гэж мэдэгдсэн байна. 

Пакистан

  • Ерөнхий сайд Имран Хан өнгөрсөн зургаадугаар сард талибууд хяналтаа тогтоовол Афганистантай хилээ хаах болно  гэж мэдэгдэж байсан ч олон мянган афган Пакистан руу нэвтрээд байна.

Тажикстан

  • Яг хэчнээн хүн Тажикстанд нэвтэрсэн нь тодорхойгүй байгаа ч өнгөрсөн долоодугаар сард тус улс Афганистанаас 100 мянга хүртэлх дүрвэгч хүлээн авахаар бэлтгэж буйгаа мэдэгдэж байсан юм.

УзбекИстан

  • 1500 орчим афганчууд Узбекистаны хилийг давж, хуаран байгуулаад байгаа аж.

Их Британи

  • Тус улс  20 мянган  Афган дүрвэгчийг урт хугацаанд хүлээж авахаар төлөвлөж байгаагаа зарласан. Британийн Засгийн газар  эхний жилд 5000 афганыг Их Британид суурьшуулах бөгөөд аюулд өртөх магадлал өндөртэй  эмэгтэйчүүд, хүүхдүүдийг голчлон авах юм байна.

АНУ

  • Ерөнхийлөгч Жо Байден Афганистаны ард иргэдэд 500 сая ам.долларын тусламж олгох тухай зарлигт гарын үсэг зуржээ. 

Канад

  • Тус улс 20 мянган афганыг хүлээн авахаа мэдэгдсэн байна.

Европын холбоо

  • Европын холбооны хэд хэдэн орны өндөр албан тушаалтнууд 2015 оны цагаачдын хямралын дараа тус бүс нутгийг зорьсон цагаачдын урсгалыг дахин давтуулах сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ.

ХБНГУ

  • Тус улс афганчуудыг хүлээж авахаа мэдэгдсэн боловч тодорхой тоо хэлээгүй байна. Канцлер Ангела Меркель 2015 онд цагаачдад нээлттэй хандах бодлого баримталсныхаа төлөө ихээхэн шүүмжлэлд өртөж байсан билээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.