“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн нээлт өнөөдөр Соёлын яаманд боллоо.
“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн нээлт өнөөдөр Соёлын яаманд боллоо.
Уг маркийг бүтээхэд Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор (PhD), профессор Н.Хишигт, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, Доктор (PhD), профессор А.Пунсаг, Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, материалын туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа. Мөн тус маркийн зураачаар Г.Баттөр, маркийн дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна.
Энэ үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, “Энэ жил Монголын тулгар төрийн 2230, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ой тохиож байна. Түүхэн ойд зориулсан “Монгол тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт хэлхээ марк нь монголын түүхийг ирээдүй хойч үед мөнхлөн үлдээж буй үнэт зүйл бөгөөд төрт ёс, тусгаар тогтнол, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламлалыг хослуулсан бүтээл болж чаджээ.
Энэхүү маркийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол шуудан” компани, эрдэмтэн судлаачид, уран бүтээлч Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.
“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн тайлбар: "Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт блок марканд 1921 оны Ардын хувьсгалын удирдагч Ардын засгийн газрын тэргүүн Д.Бодоо, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар, МАН-ын Төв Хорооны дарга С.Данзан нарыг морьтойгоор дүрсэлсэн. Блокны чимэглэл хэсэгт Ардын журамт цэргүүд хүрээнд орж ирсэн үе, Монгол Ардын намын журамт цэргийн жанжин туг, Ардын журамт цэргийн туг, дун үлээж буй морьт цэрэг, Богд хааны төрийн Шар ордон, Мэгжид Жанрайсиг бурханы сүм, Өндөр хоршоо, МАН-ын төв хороо, Ардын Түр Засгийн газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан байр /одоогийн Улаанбаатар хотын музей/ зэргийг тус тус дүрслэн харуулсан.
Нээлтэд, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, доктор профессор Д.Эрдэнэбаатар, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Пунсаг нар оролцож, маркийг олон нийтэд дэлгэн үзүүлснээр Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.