МУГЖ С.Жавхлан: Амиа алдсан Т.Лхагвасүмбэрэл агсанд зориулан дуу бүтээж байгаа
Тост, Тосон бумбын нурууг хамгаалахын төлөө тэмцэж яваад, учир битүүлгээр амиа алдсан биологич Т.Лхагвасүмбэрэл агсанд зориулан "Уулсын эзэн" дуу бүтээж буйгаа МУГЖ, дуучин С.Жавхлан мэдээллээ.
Тэрбээр "Хар залуугаараа маш сайхан түүхийг үлдээсэн, байгаль хамгаалагч, гэгээн сайхан залуугийн дурсгалд зориулан “Уулсын эзэн” гэдэг дуу бүтээсэн. Дууны зургийг авч бараг дуусаж байна" гэв.
Т.Лхагвасүмбэрэл агсны талаар эргэн сануулъя.
Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амиа алдсан бодит шалтгаан юу вэ гэдэг асуудал өнгөрсөн жилүүдэд нийгмийн анхаарлыг татаж ирсэн. Тост, Тосон бумбын нуруу орчимд уул уурхай эрхлэхийн эсрэг тэмцэж явсан биологич залуугийн учир битүүлэг үхлийн шалтгааныг тодруулахыг шаардсан тайван жагсаалыг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, нийслэлийн иргэдээс гадна Өмнөговь аймгийн иргэд хамтран хийж байсан билээ.
Хэрэг гарснаас хойш олон жил өнгөрсөн ч хэргийг үнэн зөв тогтоогоогүй, цагдаагийн байгууллага хариуцлагагүй хандсан гэж жагсагчид үзэж буйгаа илэрхийлж байв. Ард түмний онц түр зөвлөлийн тэргүүн Д.Цогтбаатар “Тост, Тосон бумбын нурууг хамгаалж байсан биологич залуу амиа алдсан. Тэр хэргийг өнөөдөр дахин шалгаж илрүүлэх ёстой” гэж байсан юм.
Т.Лхагвасүмбэрэл агсан амьд ахуйдаа Тост, Тосон бумбын нурууг хамгаалахыг ихэд чухалчилж, хууль бус уул уурхайн эсрэг тэмцэлд орон нутгийн иргэдийг нэгтгэх, уг асуудлыг олон улсын түвшинд гаргах зорилготой ажиллаж байсныг нь гэрчлэн яригсад олон бий. Т.Лхагвасүмбэрэл агсан 2015 оны есдүгээр сард “Магадгүй хэдэн жилийн дараа Тост, Тосон бумбын нуруунд уурхай нээгдчих юм бол өнөөдөр бид нарын хэдэн янгираа ундаалж байгаа ус маань үгүй болж, энэ амьтад бүгд л мөхөл рүүгээ явна. Одоо ажиллаж байгаа уурхайнууд нь манай эндээс хол байгаа ч гэсэн аргаль, янгирууд хатаж, цангах асуудал гарч байгаа. Энэ газрыг улсын тусгай хамгаалалтад оруулахгүй юм бол магадгүй хэдэн жилийн дараа юу ч үгүй болоод амьтад ундаалах усгүй болно. Ус байхгүй бол хүн амьтан, аргаль янгир хатаж үхдэг юм билээ. Энэ нь өнгөрсөн өвөл хийсэн бид нарын судалгаагаар нотлогдсон. Тэгэхээр усны асуудал нэлээд хурцаар тавигдаж байгаа” хэмээн ярьсан байдаг.
Тост, Тосон бумбын нурууг хамгаалахын төлөө тэмцсэнээсээ хойш Т.Лхагвасүмбэрэл агсан гурван ч удаа халдлагад өртөж байжээ. Харамсалтай нь 2015 оны арваннэгдүгээр сарын 10-нд Хөвсгөл далайгаас түүний цогцос олдсон юм. Түүний амиа алдахын өмнөх утасны бичлэг “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр цацагдаж байсан. Цагдаагийн байгууллагаас түүнийг амиа хорлосон гэж үзсэн ч баримтууд энэ хэргийг илүү нягтлах ёстойг сануулсан хэвээрээ байгаа юм.
Ирвэс хамгаалах сангийн тэргүүн А.Баяржаргал талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн талаар хэлэхдээ “Т.Лхагвасүмбэрэл үндсэн ажилтан, биологич маань байсан. Тост, Тосон бумбын нурууны судалгааны отог дээр ажиллаж байлаа. Харамсалтай нь энэ нурууг улсын тусгай хамгаалалтад авах үед учир битүүлгээр нас барсан. Тэр хүүхдийн хувьд үнэхээр байгаль дэлхийдээ хайртай, өөрийнхөө мэргэжилдээ дуртай, түүний өмнө өөрийгөө хөгжүүлэх янз бүрийн боломжууд нээлттэй байсан. Чухам яагаад ийм харуусалтай зүйл болсон нь бид нарт өнөөдөр ч гэсэн бүрхэг байна. Хэзээ энэ хэргийн учир тайлагдах юм бол гэдэгт байнга чих тавьж явдаг. Үүнээс хойш хөдөө орон нутагт ганц нэгээрээ ажиллахад айдас бий болсон. Тэр хэмжээгээр хэрхэн яаж аюулгүй байдлаа ханган ажиллах вэ гэдэг тал дээр бид бодлого барьж ажиллаж байна. Бид Тост, Тосон бумбын нуруунд судалгааны отогтой. МУИС болон гадны судлаачид ирж судалгаагаа явуулж тухайн мэдээллийг бид хамгааллынхаа ажилд ашигладаг. Бид Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд судалгааны болон хамгааллын үйл ажиллагаагаа цогцоор явуулж байгаа. Цоохор ирвэс Монгол оронд 103 мянган кв.км газар нутгийг хамарч тархсан амьтан. Тийм болохоор бид баруун дөрвөн аймаг, Өмнөговь зэрэг долоон аймгийн 17 суманд үйл ажиллагаагаа явуулж байна” гэсэн байдаг.
Тодотгоход, Т.Лхагвасүмбэрэл агсны амь насаа үл хайхран байж хамгаалан, тэмцсэн Тост, Тосон бумбын нурууг БҮХЭЛД НЬ улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны наймдугаар сарын 14-ний өдөр гаргасан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.