Банкууд зээл олголтыг дэмжих шаардлагатай байна
Монголбанкнаас Зээлийн батлан даалтын санг идэвхжүүлэх замаар банкууд зээл олголт, экспортыг дэмжих шаардлагатай байна.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар банкны салбарын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр онцолж, банкууд ашгийн хувиа багасгаж, зардлаа танах, зорилтот бүлгийн зээлийн хугацааг чөлөөлөх, хөнгөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэл өглөө.
Тэрээр, уулзалтын эхэнд шинэ корона вирусний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, авч хэрэгжүүлэх чиглэлээр дүгнэлт гаргах ажлын 4 хэсэг Эдийн засгийн, Төсвийн, Хууль зүйн, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр тасралтгүй ажиллаж, Засгийн газарт чиглэл өгч буйг танилцуулав. "УИХ "COVID-19"-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг А, Б, В хувилбараар гаргаж, үе шаттай хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулаад байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг сүүлийн гурван 7 хоног Сангийн яам, ХХААХҮЯ, ХНХЯ, Монголбанк, холбогдох байгууллагатай хамтран ажиллаж тооцоо судалгаа хийн, дээрх төлөвлөгөөг боловсруулж, саналаа гүйцэтгэх засаглалд хүргүүлсний дагуу Засгийн газраас холбогдох шийдвэрийг өнөөдөр гаргаж байна" гэв.
Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан Ажлын хэсэг МҮХАҮТ-тай хамтран хүнсний хангамжийг тогтворжуулах, ноолуур, алтны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зэрэг чиглэлээр тооцоо судалгаа хийж, дүгнэлт гарган, Засгийн газарт чиглэл өгсөн. Тухайлбал, “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 300 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл олгох схемийг гаргасан нь хэрэгжих шатандаа ороод байна гэж өнөөдрийн уулзалтын талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ..
Банкны салбарынхантай өмнө нь цахимаар уулзаж, албан бичгээр ирүүлсэн саналуудтай танилцаад Монголбанктай хамтран холбогдох шийдвэр гаргаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад, энэ удаагийн уулзалтаар ажил хэрэгч санал, санаачилга гарна гэдэгт итгэж байгаагаа мэдэгдлээ.
Уулзалтад оролцсон Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар зарим хуульд онцгой нөхцөлтэй уялдуулан түр хугацаанд үйлчлэх нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа талаар саналаа хэлсэн юм. Энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, “Хуулиар ердийн хууль хэлэлцэн батлах хугацаа багадаа 45 хоног байдаг.
Гэхдээ нэн яаралтай горимоор хуулийг хэлэлцүүлэх эрх Засгийн газарт бий. МҮХАҮТ, Монголбанк, Банкуудын холбоо үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан нэг удаагийн зохицуулалтын шинжтэй хууль тогтоомжийг Засгийн газарт танилцуулан, яаралтай горимоор хэлэлцүүлэх боломж байгаа” гэдгийг онцоллоо.
Уулзалтад УИХ-ын Байнгын хороодын дарга Х.Нямбаатар, Б.Чойжилсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон Монголын банкуудын холбоо, арилжааны банкуудын удирдлага, албан тушаалтнууд оролцов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.