Дэлхий мартах учиргүй 2001.09.11 өдөр
Өнөөдөр 2021 оны есдүгээр сарын 11-ний өдөр. АНУ болон дэлхий нийтээр айн түгшиж, сэтгэл зовнисон, олон мянган хүний амь нас, тэдний цусаар хэзээ ч арилгаж болшгүйгээр түүхийн хуудсыг будсан есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш 20 жил өнгөрчээ.
Тэр өдөр ширээний хуанли 2001 оны есдүгээр сарын 11-нийг зааж байлаа. Ажлын эхлэл, амьдралын өрнөл буцалсан энгийн өглөө. Гэвч дэлхий хэзээ ч үл мартах "хар" өдөр эхлэж байсныг хэн ч яахан мэдэх. Тухайн үед цаасны хутга гэх мэтхэнээр зэвсэглэсэн амиа золиослогчдод иргэний тээврийн дөрвөн онгоц барьцаалагдан, үхлийн зэвсэг болон хувирч, энгийн иргэдийг хөнөөхөөр нисэж явсныг хэн ч таамагласангүй.
Тэдгээр амиа золиослогчдын зарим нь АНУ-д нэгээс илүү жил амьдарсан, нисгэгчийн сургалтад сууж эл ажиллагааны тулд туршлагажиж байсан аж. Ислам шашинт тэдгээр алан хядагч бүгд Саудын Араб болон Арабын орнуудаас гаралтай байсан бөгөөд Осама Бин Ладенаар толгойлуулсан Аль Кайда алан хядах байгууллагын гишүүд байжээ.
Цагийн зүү 08.45 цагийг заах үес. Хормын дараа цэнхэр тэнгэрийн өнгө хэрхэн хувирахыг гудамжинд холхилдсон олон дүйнгэтүүлсэн нүргээнт чимээнд цочих хүртлээ гадарлаа ч үгүй биз. 76 зорчигч бүхий Америкийн агаарын тээврийн Бойнг-767 онгоц 110 давхар “Дэлхийн худалдааны төв” гэгдэх ихэр цамхагийн хойд цамхагийн 80 давхрыг мөргөж дэлбэрлээ.
“Ээ бурхан минь, юу болох нь энэ вэ” ингэж бодсон хүн магадгүй маш олон байсан байх. Тэнгэр баганадсан цамхагаас утаа суунаглуулан, утаанд хордож, шатаж амь тэмцсэн хүмүүс хүний төсөөлж чадахааргүй эрсдлийг хийн, амиа аврахын тулд асар өндөр барилгын цонхоор үсэрч эхэллээ. 18 минутын дараа 51 зорчигч бүхий өөр нэгэн Бойнг-767 онгоц нөгөө цамхагийн 60 давхрыг мөргөж дэлбэрэв.
Үүнтэй зэрэгцэн алан хядагчдад барьцаалагдсан гурав дахь онгоц Вашингтоноос холгүй орших Пентагоны барилгыг чиглэн нисжээ. Дөрөв дэх онгоцны зорчигчид болон хөлгийн багийн гишүүд алан хядагчдаас онгоцны удирдлагыг авах гэж оролдсон ч онгоц Пенсильвани мужийн Шанксвиллд унасан юм. Нью-Йорк, Вашингтон, Пенсильванид болсон алан хядах ажиллагааны улмаас гурван мянга орчим хүн амиа алдаж, зургаан мянга гаруй хүн бэртэж гэмтсэн бөгөөд амиа алдагсдын дунд дэлхийн 90 гаруй орны иргэд байсан гэх эмгэнэлтэй тоо баримт байдаг.
Энэ үеийг гудамжинд байсан хүн бүр тод харж амжжээ. Тэр бүхнээс үүдэлтэй өнчирсөн хүүхэд, бэлэвсэрсэн гэр бүл, төрөл төрөгсдөө алдсан ард иргэдийн гашуун нулимс өдгөө ч тасраагүй байна. Хорт утаа, тоосжилтоос үүдсэн уушгины болон хорт хавдрын улмаас 70 мянган хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, 50 хүн хорт хавдрын улмаас одоо болтол шаналан зовох шалтгааны үүдийг нээсэн юм.
Энэ бүхэнд илүү тайлбар хэрэггүй биз. Үзэл суртал, үзэн ядалт, ашиг сонирхлын ширүүн тэмцлийн золиос нь гагцхүү ард түмэн, эгэл жирийн иргэд л байдаг гэдгийг нотолсон ийм хар өдөр дахин бүү тохиогоосой гэхээс өөр хэлэх үг үгүй бөлгөө.
Тэрхүү гамшигт хар өдрийн тухай өгүүлэх гэрэл зургууд болон бичлэгийг хүргэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.