“Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сард болно.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь Швейцарын хөгжлийн агентлаг, “Номадиа пикчерс” компанитай хамтран Соёлын яам, Оросын холбооны улсын Элчин сайдын яам, Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Улаанбаатар дахь “Русский дом”-ийн дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг энэ сарын 18-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба зохион байгуулагчид Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2020-2021 онд бүтээгдсэн Орос, Франц, Герман, Иран, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монголын 18 бүрэн хэмжээний уран сайхны киног “Нээлтийн кино”, “Олон улсын кино хөтөлбөр”, “Монгол киноны хөтөлбөр”, “Үзэхийн хязгаар” хэсгээр үзүүлэхээр бэлтгэж байна.
Кино үзвэрээс гадна наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол ба Зүүн Өмнөд Азийн бүсийн кино форум”, “Авдраа уудал” киноны ерөнхий зураачийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, Соёлын яамтай хамтран “Кино форум”-ыг тус тус зохион байгуулна.
Энэ удаад наадам зохион байгуулагчид 1959 онд Москвагийн олон улсын анхдугаар кино наадмаас Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрээрээ мөнгөн медаль авсан “Ардын элч” киног онцолж, үндсэн постерын дизайныг бэлтгэсэн бөгөөд “Үзэхийн хязгаар” хэсэгт тус киног англи хадмал орчуулгатай гаргана.
Мөн Монголын кино урлагийн түүхэнд бүтээгдсэн шилдэг кино бүтээлийн зурагт хуудсаар “Монгол киноны хөмрөгөөс” үзэсгэлэнг МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд гаргахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.