БНСУ дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах төв албан ёсоор ажиллаж эхэллээ
БНСУ-д амьдарч буй монголчуудын эрхийг хамгаалах зорилготой “БНСУ дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах төв” ТББ өнгөрсөн сараас Сөүл хотод албан ёсоор ажиллаж эхэлжээ.
Тус байгууллага нь Солонгос улсад амьдарч байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалж, хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх юм. Мөн урилга бичихээс эхлээд орчуулгын ажилд үнэ төлбөргүй тусална гэдгийг үүсгэн байгуулагчид нь онцолж байв.
“БНСУ дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах төв” ТББ-ыг үүсгэн байгуулагчдын нэг З.Билгүүн, “Солонгос улсад барилгын ажил хийж байхдаа шатны уруу унаж хүнд гэмтэл авсан эрэгтэйд туслах үүднээс бид анх нэгдсэн. Ингээд тэр хүнд туслахаар эх орон нэгтнүүдтэйгээ уулзаж явахдаа монголчуудын эрх зөрчигдөж байгаа тухай олон мэдээлэл сонссон. Тиймээс энэхүү ТББ-аа байгуулахаар шийдвэрлэж, БНСУ-ын холбогдох байгууллагуудаас албан ёсны зөвшөөрлөө авсан. Энэ ТББ-ын үүд хаалга монголчуудын өмнө хэзээд нээлттэй байх болно” гэлээ.
Хүний эрхийг дээдэлдэг улс орон бүр гадаадад оршин суугаа иргэдээ хамгаалдаг, тусалдаг ТББ-ууд бий. Тэгвэл БНСУ дахь монголчуудаа дэмжих, эрхийг нь хамгаалах ТББ ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд цаашид Солонгосын хот бүрд салбараа нээх зорилт тавьсан байна.
Тус байгууллага байгуулагдсан цагаасаа монголчуудынхаа эрхийг хамгаалах хэд хэдэн ажлыг амжилттай зохион байгуулж, тус улсад амьдарч буй иргэдийн дэмжлэгийг хүлээгээд буй аж. Тухайлбал, Солонгос иргэнд зодуулсан монгол залууг хууль бусаар оршин суудаг гэсэн шалтгаанаар нутаг буцаах гэж байсныг таслан зогсоосон байна. Улмаар монгол залууг суллаж, “бусдад зодуулсан” гэх үндэслэлээр хэрэг үүсгэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.