Францын автомашин үйлдвэрлэгчид амьсгалын аппарат үйлдвэрлэнэ

Францын автомашин үйлдвэрлэгчид амьсгалын аппарат үйлдвэрлэнэ

ПАРИС. /TASS/. Францын автомашин үйлдвэрлэгч “Renault” болон “Groupe PSA” /Peugeot Societe Anonyme/  компани коронавирусний цар тахалтай тэмцэхэд хувь нэмрээ оруулж, хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэхээр боллоо гэж “France Info” радиостанц мэдээлжээ.


“Renault” компанийн үйлдвэрчний эвлэлээс мэдээлснээр, тус компани энэ долоо хоногоос амьсгалын аппарат үйлдвэрлэж эхлэх аж. Францад эмнэлгийн ийм төхөөрөмж ихээхэн шаардлагатай байгаа юм. Эрх баригчид эрчимт эмчилгээний тасгийн тоог 5 мянгаас 10 мянга, дараа нь 14 500 болгож нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ зорилгоор “Air liquid” компаниас амьсгалын 1000 аппарат худалдаж авсан гэж Францын Ерөнхий сайд Эдуар Филипп коронавирустэй тэмцэх асуудлаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


“France Info” радиостанцаар мэдээлж байгаагаар, “Air liquid” нь Францад амьсгалын аппарат үйлдвэрлэдэг цорын ганц компани аж.


Францад "COVID-19”-ийн халдвараар нас барсан тохиолдлын тоо 2600 давж, халдвар авсан хүний тоо 40 200 орчим болсон байна. Одоогийн байдлаар эмнэлгүүдэд 19 мянга гаруй хүн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 4600 орчим нь эрчимт эмчилгээ хийлгэж байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.