Шуурхай мэдээ: БНСУ-д COVID19-ын мутацлагдсан вирус болох “Омикрон" вирусын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдлээ.
Солонгосын хорио цээрийн албанаас 12 сарын 1-ний өдрийн мэдээлснээр, өмнөх өдөр нь Омикрон мутацийн халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэгдэж байсан 40 гаруй насны (сүмийн пасторын гэр бүл) нэг гэр бүлийн эхнэр нөхрийг оролцуулаад нийт 5-н хүнээс мутацийг батлах геномын шинжилгээгээр Омикрон мөн болох нь батлагджээ. Гадаадаас ирсэн энэхүү гэр бүлийн хоёр нь Омикрон мутацийн халдвар авсан байсан бөгөөд энэ нь дараа нь батлагджээ.
Гэр бүлийн хоёр нь (сүмийн ажлаар) өнгөрсөн сарын 14-23-нд Нигерт очиж, 24-нд Солонгост буцаж ирсэн бөгөөд ирсэнийхээ дараа нэг хоногийн дараа буюу 25-ны өдөр COVID-19 халдвар авсан нь тогтоогдож байжээ. Үүний дараа тэдний нэг танил болон хүүхэд мөн мутацлагдсан вирусын халдвар авсан нь батлагджээ.
Тус гэр бүлийн хоёр нь вакцинаа бүрэн хийлгэсэн гэдгээр хорио цээрийн дэглэмээс чөлөөлөгдсөн байсан тул эерэг шинжилгээ авах хүртлээ чөлөөтэй байжээ. Мөн тэдний танил болон хүүхэд нь ковидын вакцинд хамрагдаагүй байсан ба гэр бүлийн 2-ыг коронатай гарсны дараа тусгаарлалтанд орсон аж.
Энэхүү Омикрон вирусын халдвар авсан таван тохиолдлоос гадна дахин хоёр сэжигтэй тохиолдол байгаа тул Омикрон халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Одоогийн байдлаар гэр бүлийн 2-той хамт нэг онгоцонд сууж ирсэн 45 хүнээс шинжилгээ авсан байна. Мөн аль хэдийн Инчонд тархсан байх вий гэсэн айдас нүүрлэж байна.
Дашрамд дурьдахад, БНСУ 12 сарын 3-ны өдрийн 0 цагаас эхлэн 14 хоногийн турш гадаадаас ирж байгаа бүх хүмүүсийг ковидын вакцин тариулсан тариулаагүй хамаагүй 10 хоног тусгаарлахаар боллоо.
БНСУ-д 12-сар гарсан даруй нэг өдрийн дотор шинээр нэмэгдсэн корона вирусын халдварын тохиолдол анх удаа 5,000 давж, маш хүнд байгаа өвчтөний тоо 700 хол давж, нийслэл болон нийслэл орчмын эмнэлэгүүд орны дутагдалд орсон байдалтай байна. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр тус улсад "Омикрон" мутацлагдсан вирусын анхны тохиолдол мөн бүртгэглээ.
БНСУ-д оршин сууж байгаа манайхан ковид19-ын мутацлагдсан вирус болох омикроноос болгоомжилж дор бүрнээ халдварт өвчний дэглэмээ чанд сахихыг хүсье!
Мэдээллийг хүргэсэн Ж.Нармандах, 2021.12.02.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.