АНУ БНАСАУ-тай цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна
ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ БНАСАУ-тай хэлэлцээний ширээнд сууж, цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео даваа гарагт мэдэгджээ.
Пёньянд дипломат болон эдийн засгийн шахалтыг үргэлжлүүлэн үзүүлэхийг М.Помпео “Их-7”-гийн орнуудад уриалсныг БНАСАУ зэмлэн буруушаасны дараа Төрийн нарийн бичгийн дарга ийнхүү мэдэгдсэн байна.
БНАСАУ цөмийн зэвсгээсээ ангижрах алхмуудыг хийх хүртэл тус улсын эсрэг олон улсын хориг арга хэмжээ авна гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тодорхой хэлсэн гэж М.Помпео “Yonhap” болон Азийн бусад мэдээллийн агентлагт утсаар мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ.
2018 оны зургадугаар сард болсон Трамп, Ким нарын дээд хэмжээний уулзалтаар талууд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцсоныг М.Помпео онцлоод, уг зорилтод хүрэхийн тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хориг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авна гэж хэлжээ.
Мөн бид үүгээр дамжуулан БНАСАУ-ын удирдагчтай хэлэлцээний ширээнд дахин сууж, БНАСАУ-ын ард түмний гэрэл гэгээтэй ирээдүйг бий болгоно хэмээн найдаж байна гэж М.Помпео хэлжээ. Вьетнамд 2019 оны хоёрдугаар сард болсон Трамп, Ким нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөснөөс хойш хоёр талын цөмийн хэлэлцээ зогсонги байдалд орсон юм.
БНАСАУ 2019 оны эцэс гэхэд хориг арга хэмжээнүүдийг зөөлрүүлэхийн хариуд цөмийн хөтөлбөрөө хэсэгчлэн татан буулгах санал тавьсан боловч Вашингтон уг саналыг хүлээн авахаас татгалзжээ. Өнгөрсөн онд хоёр талын хэлэлцээнд ахиц дэвшил гараагүй бөгөөд үүнээс хойш БНАСАУ-ын удирдагч “стратегийн шинэ зэвсгийн” туршилтуудаа хийж эхэлсэн юм.
Гэсэн хэдий ч АНУ “COVID-19” халдварын тархалттай тэмцэхэд БНАСАУ-д тусламж санал болгох байр суурийг баримталж байгаа гэж Төрийн нарийн бичгийн дарга мэдэгджээ. АНУ Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан эсвэл шууд харилцаагаар БНАСАУ-д тусламж санал болгожээ. Мөн тэрбээр, БНАСАУ, Иран зэрэг орон “COVID-19” халдварын талаар ил тод мэдээлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.
Манайд халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж БНАСАУ мэдэгдэж байгаа боловч тус улсыг энэ талаарх мэдээллээ нуун дарагдуулж байж болзошгүй хэмээн олон нийт таамаглаж байгаа аж. БНАСАУ-ын төв мэдээний агентлагийн мэдээлснээр, тус улсад цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүсийг тусгаарлах, хилийн хяналтаа чангатгах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.