Д.Нямхүү: Сэтгэлийн дэм бол эмчилгээний 50 хувь байдаг
Халдварт өвчин судлалын үндэсний төвд одоогоор 240 гаруй хүн хяналт, тандалт, эмчилгээнд хамрагдаж байна.
Халдвартай гэж оношлогдсон монгол иргэд болон франц иргэнд сэтгэлийн дэм хайрласан, хурдан эдгэхийг ерөөсөн сайхан сэтгэлийн захидал олон ирж байгааг ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү хэллээ.
2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж, шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй болохыг тэрбээр онцлов.
“Сайхан сэтгэлтэй Монгол түмний захидал олон ирж байна. Хурдан эдгэхийг, эмч нар сайн ажиллаж байгааг, Засгийн газар хурдан, шуурхай арга хэмжээ авч байгааг магтан сайшааж байна. Монголчууд бид цөөхөн учраас халдвартай ч гэсэн эх орондоо ирсэн та бүгд хурдан эдгээрэй гэж хүсэж байна. Сэтгэлийн дэм хайрлаж, сайхан үг хэлэх нь эмчилгээний бараг 50 хувь байдаг. Стрессдэхгүй байх нь дархлааг дэмжих нэг гол эх үүсвэр” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярьсан юм.
Одоогоор Монгол Улсад коронавирусний халдвартай гэж оношлогдсон 12 хүн байгаагаас хоёр нь бүрэн эдгэрч, эмнэлгээс гараад байна. Нэмж халдвар бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.