Агаарын тээврийн хэд хэдэн компани АНУ руу хийх нислэгээ цуцалж байгаагаа мэдэгджээ
Дэлхийн агаарын тээврийн хэд хэдэн компани АНУ-ын нисэх онгоцны буудлуудын ойролцоо “5G” сүлжээний цамхаг байгуулж байгаатай холбогдуулан лхагва гаргаас эхлэн тус улс руу хийх нислэгээ цуцалснаа мэдэгджээ.
CNN телевизээр мэдээлснээр, нислэгээ цуцалж байгаагаа "Emirates Airlines", "Air India", "All Nippon Airways", "Japan Airlines" компаниуд мэдэгдсэн байна.
“АНУ-ын зарим нисэх онгоцны буудалд хөдөлгөөнт холбооны 5G сүлжээ нэвтрүүлэхээр төлөвлөсөнтэй холбоотой үйл ажиллагааны доголдол гарч болзошгүй асуудлын улмаас 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Бостон, Чикаго, Форт Уорт (Даллас), Хьюстон, Майами, Ньюарк, Орландо, Сан-Франциско, Сиатл зэрэг чиглэлд үйлддэг нислэгээ түр зогсоож байна" гэж "Emirates Airlines" компанийн мэдэгдэлд дурджээ.
Харин Нью-Йорк, Лос-Анжелес, Вашингтон руу нислэгүүд хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд дээрх чиглэлүүдэд тасалбар худалдаж авсан зорчигчдыг нислэг сэргэтэл тасалбараа хадгалахыг хүссэн байна.
Түүнчлэн Энэтхэг, Японы агаарын тээврийн компаниуд АНУ руу хийх нислэгийнхээ тоог бууруулж байна.
“5G сүлжээ нэвтрүүлж байгаатай холбоотойгоор нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн Энэтхэгээс АНУ руу хийдэг нислэгийн тоог цөөрүүлнэ эсвэл онгоцны төрлийг өөрчилнө” гэж “Air India” компани мэдэгджээ.
Японы агаарын тээврийн ANA (All Nippon Airways) компани мэдэгдэхдээ, мягмар гаргаас пүрэв гараг хүртэл АНУ руу хийх зорчигч тээврийн болон ачааны 20 хүртэлх нислэгийг цуцална гэжээ. Харин "Japan Airlines" (JAL) компани лхагва гарагт үйлдэх зорчигч тээврийн гурав, ачааны таван нислэгийг цуцалсан байна.
5G сүлжээний шинэ тоног төхөөрөмжүүд нь нисэх онгоцны бүхээг дэх хэд хэдэн багаж хэрэгсэлтэй ижил үелзэл ашиглаж байгаад агаарын тээвэрлэгчид санаа зовж байгаа аж. Харин АНУ-ын Тээврийн яам үүний хариуд хэд хэдэн томоохон нисэх онгоцны буудалдаа 5G дэд бүтэц байхгүй завсрын бүс байгуулахаар шийджээ. Гэхдээ бүгдэд нь ийм бүс байгуулахгүй аж.
АНУ-ын Тээврийн яам өмнө нь агаарын тээвэрлэгчид санаа зовж буйгаа илэрхийлсэнтэй холбоотойгоор 5G сүлжээг нэвтрүүлэх ажлыг түр хойшлуулсан юм.
Америкийн харилцаа холбооны операторууд болох “AT&T”, “Verizon” компаниуд нислэгийн аюулгүй байдалд санаа зовж буйтай холбоотойгоор С зурваст үүрэн холбооны 5G сүлжээг ашиглалтад оруулах ажлыг Тээврийн яамны хүсэлтээр хоёр долоо хоног буюу нэгдүгээр сарын 19-нийг хүртэл хойшлуулахыг зөвшөөрчээ.
Өмнө нь Америкийн агаарын тээврийн “Boeing”, “Airbus Americas” компаниуд нисэх онгоцны буудлын зурвасын ойролцоо 5G сүлжээний дэд бүтэц байгуулахаа хойшлуулах хүсэлтийг АНУ-ын Тээврийн яаманд гаргажээ. 5G сүлжээний суурь станцуудын радио дохио "нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө" гэж агаарын тээвэрлэгчид мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.