БНСУ, Япон, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар ирэх сард уулзаж магадгүй
Япон, АНУ, БНСУ БНАСАУ-тай холбоотой асуудлыг зохицуулах чиглэлд өрнүүлэх хамтын ажиллагаагаа ахиулах зорилгоор Гадаад хэргийн сайд нарынхаа уулзалтыг ирэх хоёрдугаар сарын дундуур Хавайд зохион байгуулахаар товлож байна гэж дипломат эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ.
Энэхүү уулзалт нь биеллээ олбол Японы Ерөнхий сайдын албан тушаалыг Кишида Фүмио өнгөрсөн оны 10 дугаар сараас хашиж эхэлснээс хойших ийм хэлбэрийн анхны уулзалт болно. БНАСАУ яриа хэлэлцээ өрнүүлэх АНУ-ын уриалгыг үл хайхран баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлэх болоод байгаа юм.
Уулзалтад Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чон Ый Ён нар оролцоно. Гурван орон Гадаад хэргийн сайд нарын түвшний биечилсэн уулзалтыг хамгийн сүүлд Нью-Йорк хотноо өнгөрсөн оны есдүгээр сард хийсэн юм.
Талууд ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж буй уулзалтын үеэр БНАСАУ-ын саяхан явуулсан пуужингийн туршилтууд нь олон улсын энх тайван, тогтвортой байдалд аюул занал учруулж буйд санаа зовниж буйгаа илэрхийлэхийн сацуу Пёньяны өдөөн хатгасан үйлдлүүдийг зогсоох арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ 2017 онд хамгийн сүүлд явуулсан цөмийн болон тив алгассан баллистик пуужингийн туршилтуудаа үргэлжлүүлж байж магадгүй болохоо илэрхийлсэн мэдэгдлийг хийсэн байна. Тус улс нь тухайн оноос хойш АНУ, БНСУ-тай дипломат хэлэлцээ өрнүүлж эхэлсэн. Гэвч Пёньяныг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх АНУ, БНАСАУ-ын хэлэлцээ үр дүнд хүрч чадаагүй юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны хувьд БНАСАУ-тай дипломат ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байгаагаа, “урьдчилсан нөхцөл болзолгүйгээр” дипломат хэлэлцээ өрнүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсээр ирсэн. Гэвч БНАСАУ Вашингтоны хүсэлтэд өдийг хүртэл хариу өгөөгүй байна.
Хавайд хийхээр товлож буй гурван талын уулзалт нь Япон, АНУ, Австрали, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нарын Австралид зохион байгуулахаар товлож буй уулзалттай цаг хугацааны хувьд ойролцоо болох төлөвтэй байна. Хэдийгээр Япон, АНУ, БНСУ Гадаад хэргийн сайд нарынхаа уулзалтыг биечилсэн хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч цар тахлын нөхцөл байдлын улмаас өөрчилж магадгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.