Ази-Европын агаарын тээврийн аяллын чиглэлд Улаанбаатар хотыг оруулах санал тавив
Ази-Европыг чиглэсэн агаарын тээврийн багц аяллын хөтөлбөрт Улаанбаатар хотыг оруулах талаар “Туркиш Эйрлайнс” компаниас санал тавьжээ. Тодруулбал, энэ талаар тус компанийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Али Өздэмир манай улсын БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзах үеэр илэрхийлэв. Тэрээр БНХАУ, БНСУ болон Японоос Европ руу чиглэсэн, Европоос Зүүн өмнөд Ази руу чиглэсэн багц аяллын хөтөлбөрт Улаанбаатар хотыг багтаан оруулснаар багц аяллаар яваа жуулчны зардал огцом нэмэгдэхгүйгээр аяллынхаа замд Улаанбаатар хотыг үзэх боломжтой болно гэдгийг хэлж байлаа.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр “Агаарын тээврийн салбарыг либералчлах нь манай улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх суурь нөхцөл гэдэгтэй санал нэг байна. Жуулчин ихээр ирж байж эдийн засаг тэлнэ. Аялал жуулчлалын салбар, авиа компаниудын төлөөлөлтэй цувралаар уулзаж байхад энэ асуудал олон удаа хөндөгдөж байна. Та бүхэн ч гэсэн өөрсдөдөө байгаа судалгаа, тооцоогоо манай яаманд хүргүүлээрэй” гэв.
Тэрээр гадаад, дотоодын агаарын тээврийн компанийн төлөөлөгч нартай ээлжлэн уулзаж байгаа юм. Өнөөдрийн уулзалтад БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.