Жуулчид 2020 оны захиалгаа цуцлахаас аргагүй болов

Жуулчид 2020 оны захиалгаа цуцлахаас аргагүй болов

Дэлхийн улс орнуудын адил Монгол Улсад ч коронавирусний халдварын уршгаар Аялал жуулчлалын салбарын бизнес уналтад орох нөхцөл байдал үүсч байгаа юм.


Монгол оронд 2020 онд аялан жуулчлахаар төлөвлөж, захиалга өгсөн жуулчид захиалгаа цуцлах болсон нь энэ салбарын жил ирэх тусам жуулчдын тоо болон ашиг орлого өсч байсан хөгжлийг эрс сааруулахад хүрээд байгаа аж.


Монголын аялал, жуулчлалын салбар 2019 онд 577 мянга 262 жуулчин хүлээн авч 607 сая 231 мянган ам.долларын ашигтай ажилласан бол өмнөх 2019 онд 529 мянга 360 жуулчин хүлээн авч 550 сая 947 мянган ам.доллар ашигтай байсантай харьцуулахад жуулчин 9 хувиар, олох ашиг 10 хувиар тус өссөн байна. Харин энэ үзүүлэлт 2020 онд 20 гаруй хувиар өсөх хүлээлт байсан юм.


Өнөөдрийн байдлаар дэлхийн 203 улс, бүс нутагт тархаад байгаа коронавирусний халдварын улмаас улс орнууд хилээ хаах болсноор Монгол орныг зорих жуулчид, аяллын оператор компаниудад хандан захиалгаа цуцалж эхэлсэн байна.


Ийнхүү коронавирусний халдварын цар тархалтаас үүдэж манай аялал, жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдэд эдийн засгийн хүнд дарамт учруулах нөхцөл бүрджээ. Улмаар дотоодод 50-60 мянган ажлын байр бий болгодог тус салбарын компани, аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа цомхотгох нь тодорхой болох юм байна.


Монгол орныг сүүлийн жилүүдэд зорин ирдэг нийт жуулчдын 31 хувь нь БНХАУ, 26 хувь нь ОХУ, 16 хувь нь БНСУ, 4 хувь нь Япон болон АНУ-ын иргэд байдаг аж. Мөн Франц, Англи, ХБНГУ Казахстан, Тайвань, Гонконг, Канад, Итали тэргүүтэй олон орны жуулчид ирдэг байна. 


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.