“Зола брос” циркийн уран бүтээлчид олон улсын тэмцээнээс хүрэл цом хүртэв
Испани улсын Жирона хотод зохион байгуулсан Олон улсын циркчдийн тэмцээнд Монгол Улсын “Зола Брос” хувийн циркийн “Есөн өрлөг” хамтлагийн залуу уран бүтээлчид оролцож гуравдугаарт бичигдлээ.
Дэлхийн 28 орны уран бүтээлчид оролцсон уг наадмаас ОХУ-ын 8 хамтлаг алт, мөнгөн медаль цом авч, Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Зола Брос” хамтлаг хүрэл цом, “Росгос” циркийн тусгай шагнал хүртжээ.
Тус циркийн уран бүтээлчид Акробат академид 3-6 жил бэлтгэгдсэн хүүхдүүд бөгөөд уг тэмцээнд 2012 онд Монгол Улсаа төлөөлөн “Есөн өрлөг” хамтлаг оролцож Алтан цом хүртэж байжээ.
“Зола брос” цирк Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд 2015 онд байгуулагдсан бөгөөд одоо 40 гаруй уран бүтээлчтэй, зорилтот бүлгийн 50 орчим хүүхдэд циркийн урлагийн хичээл зааж байна. Сургалтаар акробат, шидэх банзны үзүүлбэрээр голчлон уран бүтээлээ туурвихаас гадна шидэлттэй акробат, хүч тамирын гайхамшиг, акробат икцентрик, дээсээр наадагч, пүрш, агаарын цагариг, агаарын даавуу, уран нугаралт, тэнцвэр зэрэг төрлөөр хүүхдүүд хичээллэдэг байна.
Тус циркийн дэргэдэх “Есөн өрлөг” хамтлаг өмнө нь Олон улсын циркчдийн тэмцээнд амжилттай оролцож 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл цом хүртэж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.