БНАСАУ-ын пуужингийн туршилтыг зэмлэн буруушаажээ.

БНАСАУ-ын пуужингийн туршилтыг зэмлэн буруушаажээ.

АНУ тэргүүтэй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн есөн гишүүн орон БНАСАУ-ын саяхан явуулсан пуужингийн туршилтыг зэмлэн буруушаагаад, тууштай яриа хэлэлцээ өрнүүлэхийг Пёньянд уриалжээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын сүүлд явуулсан пуужингийн туршилт гэх мэт асуудлаар хаалттай хэлэлцсэний дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

“БНАСАУ хоёрдугаар сарын 27-нд баллистик пуужин туршсан нь нөхцөл байдлыг тогтворгүй болгож байгаагийнх нь дахин нэг жишээ боллоо” гэж Аюулгүйн Зөвлөлийн 10 гишүүний хамтарсан мэдэгдэлд дурджээ. Үүнд БНСУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчийн газрын дарга мөн гарын үсэг зуржээ. БНСУ нь Аюулгүйн Зөвлөлийн гишүүн биш юм.

“БНАСАУ энэ он гарсаар 10 дахь удаагаа баллистик пуужин туршсан нь тус бүр Аюулгүйн Зөвлөлийн олон тогтоолыг зөрчиж байна. Бид эдгээр хууль бус, тогтворгүй үйлдлийг эрс буруушааж байна” гэж хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ.

Пёньян энэ оны нэгдүгээр сард долоон удаа пуужин харвасан нь нэг сард хамгийн олон туршилт явуулсан тохиолдол болсон байна.
БНАСАУ-ын хувьд “тагнуулын хиймэл дагуул” бүтээх судалгааны ажлын хүрээнд ням гарагт пуужин харвасан гэдгээ мэдэгджээ.

“Аюулгүйн Зөвлөлийн олон тогтоолд БНАСАУ-ыг баллистик пуужингийн технологи ашиглан туршилт явуулахыг шууд хориглосон байдаг. Тус улсын үйлдэл нь олон тогтоолыг илт зөрчиж байгаа тул Зөвлөл буруушаах ёстой" гэж НҮБ-ын төлөөлөгчид мэдэгдсэн байна.

Мөн тэд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэхийг НҮБ-ын гишүүн орнуудад уриалжээ. Түүнчлэн олон улсын хориг арга хэмжээ нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд учрах аюул заналыг арилгах чухал арга хэрэгсэл гэдгийг онцолсон байна.

Хамтарсан мэдэгдэлд АНУ, Албани, Австрали, Бразил, Их Британи, Франц, Ирланд, Япон, Шинэ Зеланд, Норвегийн төлөөлөгчид гарын үсэг зуржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.