БНСУ-д халдварын 219 241 тохиолдол шинээр илэрсэн

БНСУ-д халдварын 219 241 тохиолдол шинээр илэрсэн

БНСУ-д коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархаж байгаатай холбоотойгоор өдөрт илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо цар тахал дэгдсэнээс хойш анх удаагаа 200 мянга давжээ.

Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 219 241 тохиолдол шинээр илэрсний 219 173 нь дотоодод халдварлаж, ийм тохиолдлын нийт тоо 3 492 686-д хүрсэн байна.

БНСУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо хоёрдугаар сарын дундуур анх удаагаа 100 мянга давсан юм. Мягмар гарагт халдвараар нас барсан тохиолдлын тоо 96-гаар нэмэгдэж, 8266-д хүрсэн нь халдварын нийт тохиолдлын 0.24 хувьтай тэнцэж байгаа юм. Мөн өнөөдрийн байдлаар 762 өвчтөний биеийн байдал хүнд байна.

Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “омикрон” хувилбарын давлагаа гуравдугаар сарын дундуур оргил үедээ хүрнэ гэж үзэж байгаа бөгөөд тухайн үед өдөрт 250 мянган хүнээс халдвар илрэх төлөвтэй байна. Гэхдээ Засгийн газар мягмар гаргаас эхлэн зоогийн газар, кафе, их дэлгүүр, кинотеатр, музей зэрэг олон нийтийн үйлчилгээний 11 газарт вакцины паспорт шаардах журмыг түр хугацаагаар цуцалжээ.

Даваа гарагт Эрүүл мэндийн сайд Квон Док Чоль мэдэгдэхдээ, бүх хүн амны хаалтаа зүүсэн тохиолдолд халдвар тархах эрсдэл багатай тодорхой газруудад вакцины паспортын журмыг сулруулах шаардлагатай гэсэн байна. Уг журмын дагуу иргэд олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ "COVID-19"-ийн вакцинд хамрагдсан юм уу “PCR” шинжилгээний хариугаа сөрөг гарсныг баталж байгаа юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд дотоодод халдварласан тохиолдлуудын 46 932 нь нийслэл Сөүл хотод илэрсэн бол тус хоттой зэргэлдээ оршдог Гёнги муж, баруун нутгийн Инчеон хотод 68 622 тохиолдол илэрчээ. Мөн хугацаанд хилийн чанадаас 68 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээр нийт тохиолдлын тоо 29 444-т хүрсэн байна.

БНСУ-ын 52 сая хүн амын 31.51 сая нь буюу 61.4 хувь нь вакцины хоёр тунд хамрагдаад байгаа бол нэмэлт тунд хамрагдсан үзүүлэлт 61.4 хувьтай байгааг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэл харуулж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.