Нью Йорк муж Хятадаас 17 мянган ширхэг амьсгалын аппарат захиалжээ
АНУ-ын Нью Йорк муж Хятад улсаас тус бүр нь 25 мянган ам.долларын үнэ бүхий 17 мянган ширхэг амьсгалын аппарат авахаар захиалга өгчээ.
АНУ-ын CNBC-гийн мэдээлснээр, Нью Йорк мужийн захирагч Андрью Куомо өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар мэдээлсэн байна.
Гэвч тус мужийн тооцооллоор тэд зөвхөн 2500 ширхэг амьсгалын аппарат авах боломжтой хэмээн үзэж байгаа аж. Учир нь АНУ-ын Калифорни, Иллиной мужууд болон Холбооны Засгийн газар тус бүр мөн адил аппарат авахаар захиалга өгчээ.
Өнөө өглөөний байдлаар, АНУ-д коронавирусний халдвар авсан нийт 181 мянга гаруй, нас барсан 3600 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Мөн Нью Йорк муж нь АНУ-даа халдварын “голомт” болоод байна.
БНХАУ-ын хувьд амьсгалын аппарат үйлдвэрлэл, экспортоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг 250 гаруй аж ахуйн нэгж байдаг аж. Эдгээр үйлдвэр, аж ахуйн нэгж нь гол төлөв Гуандун, Жянсу, Хубэй мужуудад төвлөрдөг юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.