Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих хуулийн танилцуулга

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих хуулийн танилцуулга

лсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна.

Энэ удаа Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

 

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Улсын Их Хурлаас Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай бие даасан хуулийг 2004 онд батлан мөрдүүлж, улмаар 2013 онд шинэчлэн найруулсан байна. 

Хуулийн төсөл санаачлагч нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн бөгөөд үнэлгээгээр хуулийн холбогдох зүйл, заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, давхардал, хийдлийг арилгах шаардлагатай талаар дүгнэлт гарсан байна. Энэхүү үнэлгээ болон тус хуулийн хэрэгжилтэд гарч байгаа бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаарх хууль хэрэгжүүлэгч байгууллага, мэргэжилтнүүдийн болон иргэдийн санал, хүсэлт, бусад орны эрх зүйн зохицуулалтын сайн жишгийг харгалзан үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд дараах агуулгатай нэмэлт, өөрчлөлт оруулсан:

  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагыг тодорхой, оновчтой болгосон. Тухайлбал: тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох болон өөрийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой тэсэлгээний ажил явуулах эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан байнгын агуулахтай байх үүргийг тодотгон хуульчилсан; тэсэлгээний ажил явуулах эрхтэй хуулийн этгээдийг байнгын агуулахтай байхыг шаардаж байсныг өөрчилж, харин аюулгүй ажиллагааг хангах зорилгоор тэсэлгээний ажил гүйцэтгэх газарт тухай бүр нь түр агуулах байгуулан ажиллах, тэсэлгээний ажил явуулсан тохиолдол бүрийг тогтоосон журмаар тайлагнах үүргийг хүлээлгэсэн;
  • Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага болон шинжээчийн эрх олгох, цуцлах журмыг тогтоох эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тусгасан;
  • Хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой зааглан тогтоож, хариуцлагыг нэмэгдүүлсэн. Тухайлбал: хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага ерөнхий хяналтыг хэрэгжүүлэхээс гадна тэсрэх бодисыг үйлдвэрлэх, хадгалалтын үеийн галын аюулгүй байдал, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд онцгой байдлын асуудал хариуцсан байгууллага, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдалд цагдаагийн байгууллага, пиротехникийн хэрэгслийн ашиглалттай холбоотой хяналтыг цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр зааглан тодорхойлсон.
  • Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах, худалдах харилцааг зохицуулсан. Тухайлбал: пиротехникийн хэрэгслийн хүчин чадлаас хамаарч хэрэглээний болон үзвэрийн гэж ангилсан бөгөөд жагсаалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд батлахаар тусгасан. Үзвэрийн пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээд, харин хэрэглээний пиротехникийн хэрэгслийг иргэд, аж ахуйн нэгж ямар нэгэн тусгай болзолгүйгээр ашиглахаар зохицуулсан.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн баталсан. 

Улсын Их Хурлын Тамгын газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.