Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг 3-4 дахин нэмэгдүүлнэ

Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг 3-4 дахин нэмэгдүүлнэ

Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас хоёр жил өнжөөд байсан “Монголын геологи, хайгуул 2022” XII дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнг “Корпорэйт конвеншн төвд” хоёр өдөр зохион байгууллаа.

Чуулга уулзалтаар геологийн салбарын бодлого, чиг хандлага, ашигт малтмалын хайгуулын салбарын өнөөгийн байдал, хэрэгжилтэд үүсэж буй асуудлыг хөндлөө. Мөн цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал, Тавантолгойн ордын геологийн судалгаа, цаашдын хөгжлийн төлөвлөгөө сэдэвт илтгэлүүд тавьж, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.

Манай улсад өнгөрсөн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо жил бүр буурч ирэв. Өнөөгийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооноос 2 дахин бага байна. 2011 онтой харьцуулахад хайгуулын тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин буурчээ. Иймд энэ салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор УУХҮЯ-наас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ажиллагааг бүрэн цахимжуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг 3-4 дахин нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад буйг мэдээллээ.

Ингэснээр ашигт малтмалын нөөцийг өсгөх, улс орны эдийн засагт нөлөөлөхүйц томоохон орд газрыг нэмж илрүүлэх боломж бүрдэх юм. Мөн холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад холбогдох анхдагч хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна.

“Монголын геологи, хайгуул” чуулган нь төр, засгаас геологи, хайгуулын салбарт баримталж байгаа бодлого, түүний хэрэгжилтийг хангахад салбарын оролцоог нэмэгдүүлэх, геологи, хайгуулын салбарын тулгамдсан асуудлын гарц шийдлийг эрэлхийлэх боломжийг олгодог олон талын ач холбогдолтой, өргөн хүрээтэй арга хэмжээ юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.