Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг тусгайлан хэлэлцэхийг УИХ, Засгийн газарт анхаарууллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.13/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Төрийн бодлогын цөм нь Монгол хүн. Хүнээ хамгаалах, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ хамгаалах ёстой. Монгол хүний хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хамгамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хүнс эрүүл байвал Монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамж, иргэдийн эрүүл амьдрал шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах явдал нь онцгой чухал асуудал болж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.
Түүнчлэн “Цаашид улс орныхоо эдийн засаг, үндэсний аюулгүй байдлыг хангах, тэр дундаа тогтвортой хөгжлийн хангах хамгийн том үзүүлэлт болох хүнсний хангамж, аюулгүй байдлыг эрс сайжруулахад өмнөхөөсөө илүү анхаарч ажиллах шаардлагатай байна. Төрийн тэргүүн УИХ-ын чуулганд тулгамдаж байгаа асуудлаар хоёр удаа хаалттай мэдээлэл хийсэн. Энэ нь шаардлагатай мэдээллийг өгч байна гэж ойлгосон. Цаашид ч шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажиллана. Үүнийг харин та бүхэн ажил хэрэг болгож, анхаарч ажиллах нь чухал байна. Хүнсний аюулгүй байдлын холбогдох заалтууд хангалттай хэрэгжээгүй. Дор бүрнээ эрхэлсэн ажилдаа эзэн байхыг хатуу сануулж байна” гэлээ.
Мөн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу УИХ, Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгойлон анхаарч, тусгайлан хэлэлцэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байна. Засгийн газраас Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг УИХ-д яаралтай горимоор оруулан хэлэлцүүлэх зүйтэй гэж үзэж байна. Монголчууд бид ирэх таван жилд гол нэр 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж хүнсний хувьсгал хийе, өөрчлөлт хийцгээе” гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.