“Азовсталь” гангийн үйлдвэрийн бүсээс 694 цэрэг гарч, бууж өгсөн байна
Сүүлийн хоёр хоногт Украины Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэрийн бүсээс нийт нэг мянга орчим цэрэг гарсан тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ.
Түүний хэлснээр, Киевийн мэдэгдэж байгаа шиг энэ нь хүмүүнлэгийн ажиллагаа бус, эдгээр цэргийг олзонд авч байна.
Дөрөвдүгээр сарын 21-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус үйлдвэрийг “нэг ч ялаа гаргахгүй” бүслэлтэд оруулах тушаал өгсөн билээ. Тухайн үед үйлдвэрт хоёр мянга гаруй цэрэг буюу Мариуполь хотод байрлаж байсан цэргийн анги нэгтгэлийн бие бүрэлдэхүүний гуравны нэг нь хорогдож байжээ.
Сүүлийн 24 цагт үйлдвэрийн бүсээс 694 цэрэг гарч, бууж өгсөн байна. Тавдугаар сарын 16-нд 959 цэргийг нүүлгэн шилжүүлсэн. Тэдний дунд хэд хэдэн эмэгтэй цэрэг байжээ. Бууж өгсөн цэргүүдийн дунд өндөр цолтой цэргийн дарга нар байхгүй байгаа бөгөөд Донецкийн талын үзэж буйгаар тэд үйлдвэрийн бүсээс гараагүй байна.
Донецкийн тэргүүн Денис Пушилины мэдэгдсэнээр, олзлогдсон цэргүүдийн хувь заяаг шүүх шийднэ. Цэргийн гэмт хэрэгтнүүдийн хувьд олон улсын цэргийн шүүхээр орох ёстой.
Оросын тусгай ажиллагаа дууссаны дараа “Азовсталь” үйлдвэрийг нураахаар төлөвлөж байна. Үйлдвэрийн бүсэд орон сууцны эсвэл автомашины зогсоолын бүс байгуулах төсөл хэрэгжүүлэх аж. Хотын орон сууцны барилгуудын 60 гаруй хувийг нураах шаардлагатай байна. Харин инженерийн шугам сүлжээ дайны ажиллагаанд бага өртжээ. Өдгөө Мариуполь хотын хүн ам 200 мянга гаруй байгаа ч нарийн тоог хэлэх боломжгүй байна гэж Пушилин онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.