Япончууд аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байна

Япончууд аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон Улсад хийж буй албан айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Япон Улсын иргэний агаарын тээврийн “Japan air lines” \JAL\ компанийн Зорчигч, борлуулалтын албаны гүйцэтгэх захирал Х.Наканотой уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд “Japan air lines” \JAL\ компанийн зорчигч, борлуулалтын албаны гүйцэтгэх захирал Х.Накано хэлэхдээ “Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа цаг үед Япон Улсад биечлэн айлчлал хийж байгаад талархаад, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ. “Japan air lines” \JAL\ компани нь өмнө 2006 онд манай улсад групп жуулчдын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Түүнчлэн Ковид цар тахлын дараа аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг жуулчид сонирхож байгааг Х.Накано гүйцэтгэх захирал яриандаа онцолж байв. Тиймээс Япон Улсаас Монгол орныг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд иргэний агаарын тээврийн нислэг тийзийн үнэтэй холбоотой асуудлуудад анхаарах шаардлагатайг хэлж байв.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн Япончуудын хувьд, Монгол орныг өргөн уудам тал нутагтаа малаа маллаж амьдардаг нүүдэлчин ард түмэн гэдэг ерөнхий ойлголттой төдийгүй хөгжиж буй улс орон гэдгээр нь төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс гадаадад ялангуяа Япон Улсад Монгол Улсыг сурталчлах, бүх төрлийн мэдээ, мэдээллийг олон улсын хэлний сонголттой байршуулж, иргэний агаарын тээврийн компаниудтай хамтран сурталчилгааны ажлыг хийх бодит ажил хэрэг болгох боломжтойг хэлж байлаа.

Түүнээс гадна уг уулзалтад Монгол Улсыг гадаадад сурталчлах аялал жуулчлалын элчээр өргөмжлөгдөөд буй Тацуяа Хамада оролцож, Монголчуудын найрсаг харилцаа, сайхан сэтгэл аюулгүй аялал жуулчлалын томоохон илэрхийлэл юм гэдгийг тэрбээр онцлоод, Монгол орныг Япончуудад таниулах, сурталчлах ажилд манлайл үзүүлэхээ уулзалтын үеэр илэрхийлсэн юм.

Талууд иргэний агаарын тээвэрт суурилсан аялал жуулчлалын дахин сэргэлтэд урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт санал нэгдэж, хоёр орны олон жилийн найрамдалт харилцааг шинэ шатанд гаргахад хамтран ажиллахаар болсон юм.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлээд буй. Уг зорилтын хүрээнд агаарын тээврийн чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр голлон анхаарч ажиллаж байна гэж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ яриандаа онцлоод, удахгүй болох Монгол төрийн их наадмаар манай оронд хүрэлцэн ирж, Монголчуудын өв соёл, ёс, зан заншилтай танилцахыг урив.

Уулзалтад, Монгол Улсаас Япон Улсад суух элчин сайд Д.Батжаргал, БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, Монголын аялал жуулчлалын элч Тацуяа Хамада, Монголын аялал жуулчлалын холбооны дарга Д.Гантөмөр болон албаны бусад төлөөлөл оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.